Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.08.26-30)

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.08.26-30)


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 33 дахь дугаарт Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого батлах тухай, Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай  хуулиар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, клубээр гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой болж, цаашид бие даасан байдлыг нь дэмжих, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дотоодын хяналтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

Тиймээс Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулсан байна.

Мөн дугаарт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Үндэсний хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Түүнчлэн Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн байна. 2019.08.26.  http://www.parliament.mn/n/z9jy


Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (шинэчилсэн найруулга) -ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг анх 1997 онд баталсан бөгөөд өнгөрсөн 22 жилийн хугацаанд өөрчлөн найруулах хэмжээнд явж ирсэн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах, урамшуулах, шинэ арга барилаар тэмцэхэд тус хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарсан. 

Хуулийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох юм. 2019.08.26. http://www.parliament.mn/n/adjy


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Харин хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээр дахин ярилцаж нягтлах, зөвшилцөх шаардлагатай болсон учраас Байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.

Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дахин нягтлахаар түр хойшлуулаад байсан саналуудыг ярилцаж тодорхой шийдэлд хүрсэн байна. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  14 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.


Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарим зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналаар төслийн 2 дугаар зүйлд буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөхөөр болов. Энэ санал дэмжигдсэнээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар томьёологдож байгаа юм.

Энэ саналыг намын бүлгээр ярилцаж, зөвшилцсөнний үндсэн дээр төслийн 3 дугаар зүйл буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь буюу 83.3 хувь нь дэмжив. 2019.08.26. http://www.parliament.mn/n/a8jy


Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийг уншигчдад толилуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан.

Энэхүү хуулиар нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоож, нотариатч нь хуульч болж үүнтэй холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх, нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” асуудлыг нарийвчилан зохицуулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаар 70 нас байх, нотариатч мэдээллийн цахим сан бүрдүүлэх, цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах журам, нотариатчийн бүрдүүлсэн баримтыг төрийн болон холбогдох архивт шилжүүлэх, хадгалах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, нотариатчийн ажлын байранд нэг тойргийн хоёрос илүүгүй тооны нотариатчид хуулийн этгээд байгуулахгүйгээр, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болохоор, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах, нотариатч үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгодог болох, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулжээ. 2019.08.28. http://www.parliament.mn/n/axjy


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд ирвэл зохих 75 гишүүнээс 58 нь хүрэлцэн ирж, 77.3 хувийн ирцтэйгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөнмэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 14, 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо 2019 оны 7 дугаар сарын 5-ны болон  2019 оны 8 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулжээ.

Байнгын хорооны дарга санал, дүгнэлтдээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээлэл, бусад Байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтүүд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналууд болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны талаарх мэдээллийг тоймлон тусгаснаа танилцуулсан юм.


Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 7 дугаар сарын 5-ны болон  2019 оны 8 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.

Төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийх явцад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс 42 саналын томьёолол, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс 70 гаруй зарчмын зөрүүтэй санал, нийт 144 саналаар санал хураалт явуулсан байна. Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан 20 гаруй зарчмын зөрүүтэй саналыг санал гаргасан гишүүд татаж, 56 саналаар нь санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаас 15 санал дэмжигдэж, 41 санал дэмжигдээгүй аж. 

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувийн саналаар нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзжээ. 2019.08.28. http://parliament.mn/n/aujy


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс орны их бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн барилга, эдийн засаг, эрчим хүч, геологи, уул уурхай, тээвэр, холбоо, хөнгөн хүнсний салбарын үе үеийн мянга мянган төгсөгчид, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгийнхээ эхэнд онцлоод оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр, “Оюутан” гэдэг “оюунтан” болно гэсэн үг. Оюун ухааны уурхай болно гэсэн үг. Оюутны хэдэн жилийн амжилт зөвхөн өөрсдөөс чинь шалтгаална. Амжилттай суралцана гэдэг бол ихээхэн хүч хөдөлмөр, зүтгэл, шаргуу хөдөлмөр шаардана гэдгийг санах хэрэгтэй. 10 жилийн өмнө “Монгол Улсыг Оюутолгой хөгжүүлэхгүй, Оюунтай толгой хөгжүүлнэ” гэж хэлж байснаа давтан хэлмээр байна. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын энэ эрин үед Монгол Улсын дээд боловсролын салбарыг улам бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ажлыг төрийн өмчийн их дээд сургуулиудаас эхлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын төр, засаг үзэж байгаа.

Дэлхий дахинаа авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж эхэллээ. Дэлхийн тэргүүлэх компаниуд тухайлбал, Google, Apple зэрэг компаниуд ажилд авахдаа боловсролын зэрэг, диплом гэсэн шалгуураас татгалзаж, тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, мэдлэг чадвар эзэмшсэн авьяаслаг залуусыг ажилд авч эхэлсэн. Дээд боловсролын диплом, зэрэг, цолны үнэгүйдэл явагдаж эхэллээ. Манай орны хувьд авьяаслаг залуучуудыг дэмжих талаар тодорхой бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Иймээс дээд боловсролын сургалтын тогтолцоог эрс шинэчилж, дэлхийн түвшний их сургуультай болох зорилго тавих цаг болсон байна.


Манай их сургуулиудын багш нарын 20-30 хувь нь эрдмийн зэрэгтэй байгаа нь судалгааны их сургууль болох үзүүлэлтээс нэлээд доогуур байна. Харин эрдмийн зэрэгтэй багш нарын 30 гаруй хувь нь гадаадад хамгаалсан залуучууд байгаа нь төрөөс тодорхой дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэх боломжтой юм гээд ШУТИС-ийн нийт профессор, багш нар, ажилтнууд, оюутан сурагчдад түүхт 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил, сурлагын өндөр амжилт хүсэв. Дараа нь УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүс оюутны бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Энэ онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулийг 80 мянган гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд төгсчээ. Тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилд дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн, олон улсын их дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын 65, магистрын 143, докторын 86 хөтөлбөрөөр сургалт явуулах бөгөөд салбар 10 бүрэлдэхүүн сургуульд шинээр 2300 оюутан элсэж, нийт 23930 оюутан суралцах юм байна. 2019.08.28. http://parliament.mn/n/a5jy


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон.

Харин чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Л.Элдэв-Очир, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч, одоо хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж байна. Энэ хугацаанд зөвшилцөл, ойлголцолд хүрэх, нийгмийн бүх талын саналыг сонсож тусгах үүднээс улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, гаргасан саналуудыг аль болохоор төсөлд тусгах зарчим барьж ажилласан. Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг таван удаа хуралдаж тодорхой саналууд дээр зөвшилцөл, ойлголцолд хүрсэн нь Байнгын хороогоор дэмжигдсэн. Мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс гаргасан саналуудын ихэнх нь төсөлд агуулгаараа тусгагдсан, зарим тодорхой саналыг гишүүдийн төслийн заалтуудтай нийцүүлж өөрчлөн найруулах замаар томьёолж тусгаад байгаа.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүд, улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх, байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, мөн Улсын Их Хурал тарах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг илүү тодорхой болгож өгсөн, түүнчлэн төрийн бодлого тодорхой, уялдаатай байх, төсөв батлахад хүрээ хязгаар тогтоох өгөх зэрэг зохицуулалтыг шинээр томьёолсон. Тухайлбал, Нам нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байх. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтоохоор зааж өгсөн.

Харин нам байгуулах тооны тухайд Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэд нэгдэж байгуулахаар тусгагдсан байсан. Үүнийг зөвшилцөл, хэлэлцүүлгийн шатанд үндэслэлийг нь нягталж ярилцаад намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасныг Байнгын хороо дэмжсэн. Түүнчлэн сонгуулийн тогтолцоотой холбоотой саналыг олон талаас нь авч үзэж ярилцаад “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн одоогийн Үндсэн хуулийн заалтыг хэвээр үлдээхээр тогтсон. Харин  “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн энэ хэсгийг өөрчлөн найруулахаар тусгаад байна.


Байгалийн баялгийн өмчлөлийн тухайд Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж томьёолсон бол Ерөнхийлөгчийн төсөлд тэдгээр нь “нийтийн өмч” байхаар тусгагдсан. Тиймээс төслийн энэ заалтыг зөвшилцлийн шатанд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулж томьёолсон гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх, давхар дээлний асуудлыг нэгмөр цэгцлэх үүднээс “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн зохицуулалт оруулахыг дэмжээд байгаа. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Гишүүд нь давхар дээлээ тайлж Улсын Их Хурал нь зөвхөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлаа хийдэг, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлж, хариуцлага алдсан танхимын гишүүнээ огцруулдаг, парламентын өмнө хариуцлагаа хүлээдэг байх заалтыг шинээр тусгаж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг чухал зохицуулалт юм. Өөрөөр төр нь төр шиг, засаг нь засаг шиг байх зарчим төсөлд шингэсэн гэдгийг онцолсон юм.

Харин шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтын талаарх гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өгсөн хариултдаа, Ерөнхийлөгч шүүгчдийг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй байгаа. Шүүгчдийн томилгоо, бүрэлдэхүүн, шалгуур зэрэгтэй холбоотойгоор гишүүдийн төсөлд тусгагдсан заалттай холбогдуулан Ерөнхийлөгч байр сууриа тодорхой илэрхийлж, өөрийн төсөл, саналыг өргөн мэдүүлсэн. Зөвшилцлийн явцад тэдгээр асуудлыг ярилцаж зөвшилцөөд тодорхой тохиролцоонд хүрсэн. Тухайлахад, гишүүдийн санаачилсан төсөлд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий Шүүхийн хариуцлагын зөвлөлтэй байхаар тусгагдсан бол Ерөнхийлөгч төсөлдөө Шүүхийн сахилгын хороо гэсэн байгууллагыг санал болгосон. Иймээс хоёр төслийн энэ заалтын утга агуулгыг алдагдуулахгүйгээр өөрчлөн найруулахаар зөвшилцлийн ажлын хэсэг тохирсон гэлээ. 

Гишүүдийн зарим асуултад Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан нар нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм. 2019.08.28. http://parliament.mn/n/a9jy


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Сургуулийн урилгаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа Японы Нагоягийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-г хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Таны энэ айлчлал манай хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хөгжлийг цогцлоох талаар зөв ойлголт, хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэдгийг тэмдэглэв. Мөн тэрбээр Нагоягийн их сургууль манай улсын томоохон их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр Японы эрх зүйн сургалт, судалгааны хөтөлбөр, ШУТИС-д Хээрийн судалгааны лабораторийн төсөл, мөн төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх докторын хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.


Уулзалтад оролцсон Нагоягийн их сургуулийн дэд захирал Наоши Сүгияма тус сургууль Монголын их, дээд сургуулиудтай илүү олон чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгааг дурдаж, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-гийн айлчлалын хөтөлбөрт залуу судлаачдад зөвлөгөө өгөх, лекц унших, хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцох зэрэг арга хэмжээ багтсаныг танилцуулав.

Ноён Рёожи Ноёори 2001 онд химийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн, Японы шинжлэх ухаан технологийн агентлаг, Хөгжлийн стратеги, судалгааны төвийн захирлаар ажилладаг, шинжлэх ухааны салбарт онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог дэлхийн хэмжээний томоохон 10 гаруй шагнал хүртсэн, нэрт эрдэмтэн юм. 2019.08.29. http://parliament.mn/n/3mjy


Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явуулснаар үргэлжлэв.

Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар горимын санал гаргасан. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд,  УИХ-ын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана хэмээн заасан байдгийг дурдаад, хэлэлцэж буй төсөл дэх байгалийн баялагтай холбоотой зохицуулалт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, улстөрийн намын гишүүнчлэлийн тоог Үндсэн хуулиар зохицуулахтай холбоотой асуудал, шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг жагсаалтын төгсгөлд оруулж, санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн намууд, намуудын бүлэг, зөвлөлөөр зөвшилцөн, санал нэгдсэн асуудлуудаа эхэнд нь оруулж, шуурхай хэлэлцээд явах нь зүйтэй хэмээн горимын саналынхаа үеэр онцолсон.

Ингээд үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлээд байсан төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж өөрчлөн найруулах саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь дэмжлээ.


Дараа нь намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураалт явуулахад өргөн мэдүүлсэн төслийн заалтыг “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” хэмээн өөрчлөн найруулах санал дийлэнх олонхын дэмжлэг авлаа.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд “Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.” гэсэн хэсэг нэмэхээр тусгасан бөгөөд энэхүү заалт хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй. Харин энэхүү саналыг “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэгийг авлаа. 2019.08.29. http://www.parliament.mn/n/3ujy


Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ.

Чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан хоёр заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн. Иймээс төслийн эдгээр заалттай холбоотойгоор төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд “Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална” гэсэн агуулгатай 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдийн төсөлд тусгасныг нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 59 нь буюу 95.2 хувь нь дэмжив. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг засаж, илүү тодорхой болгох үүднээс гишүүд энэ заалтыг төсөлдөө тусгажээ.


Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэж нэмэх төслийн заалт гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг авсан юм.иХарин төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувь нь дэмжив. Төслийн энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Билэгт нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тайлбар тодруулга өгөв.


Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлд “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 3 дахь хэсгийг нэмэхээр гишүүдийн төсөлд тусгагдсан. Энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ц.Нямдорж, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд энэ саналын томьёоллоор хоёр удаа санал хураалгахад гишүүдийн дийлэн олонхын дэмжлэг авсангүй. Нэгэнт төслийн заалт дэмжигдээгүй учраас төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлийн 3 дахь хэсгийг хасах санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн нарын саналаар санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзэв.

Дараа нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, гишүүд төслийн заалтуудтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. 2019.08.30. http://www.parliament.mn/n/3zjy


Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийг хүргэж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн санаачилж 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Уг хууль нь 6 бүлэг, 21 зүйлтэй бөгөөд хуульд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, ангиллын шалгуурыг ажилчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан байдлаар өөрчилсөн бөгөөд ажилчдын тоо нэмэгдэх тусам тухайн аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдэхээр, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан зээл олгохоор тусгажээ. Хуулийн заалтаар Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10 хүртэл ажилтантай, 300.0 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж; Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10-50 хүртэл ажилтантай, 300.0 сая-1.0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж; Дунд үйлдвэрлэгчид 50-200 хүртэл ажилтантай, 1.0-2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж тус тус хамаарна.

Дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож болохоор, Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгоно. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгох эрх зүйн зохицуулалтыг бий болгосон.

Жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй хэмжээний мөнгөн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар зарцуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгасан. Санд 2030 он хүртэлх хугацаанд улсын төсвөөс хөрөнгө хуваарилах бөгөөд түүнээс цааш Сан нь  дааж ажиллах юм. 2019.08.30. http://www.parliament.mn/n/35jy


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээний төслийг зөвшилцөв. Уг гэрээний төслийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Манай улс ОХУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг 1993 онд, мөн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалыг 2009 онд байгуулсан. Манай улс БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг 2014 онд тогтоосон бөгөөд ОХУ-тай хөгжиж буй харилцааны өнөөгийн түвшин болон Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох үүднээс ОХУ-тай дээрх баримт бичгүүдийг шинэчлэн байгуулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор тохиролцоод байгаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс ОХУ хоорондын гэрээний төсөлд гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 2019.08.30. http://www.parliament.mn/n/4djy


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд” гэснийг “9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд” гэж өөрчилсүгэй” гэжээ.

Түүнчлэн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад:

-Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл;

-БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

-“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;

-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал;

-“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай” Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээний төслийг нэмэхээр шийдвэрлэсэн байна. 2019.08.30. http://www.parliament.mn/n/48jy


УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Ингээд Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлийн “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16 дахь заалт буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  92.1 хувь нь дэмжлээ. Уг нь заалт нь “7/төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмэх саналын талаар гмшүүн Д.Лүндээжанцан тайлбарлав. Тэрбээр, Ерөнхийлөгчийн ирүүлсэн уг санал Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх гэдэг нь нэгдүгээр зүйлдээ холбогдох боловч ард нийтийн санал асуулгатай нь холбоод Хорин тавдугаар зүйлд оруулж, саналын томьёоллыг найруулгын хувьд зассан гэлээ. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.


Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн  3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг  “2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ саналыг хойшлуулж, бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 2019.06.30.  http://www.parliament.mn/n/4mjy


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.

АШУҮИС энэ жил 24 мэргэжлээр 1334 оюутан шинээр элсүүлж, нийт 11867 оюутантайгаар 77 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Тус сургууль 1996 оноос хойш элсэлт аваагүй хүүхдийн эмчийн ангийг сэргээн нээж, Ази, Номхон далайн орнуудын баруун бүсийн анагаахын шинжлэх ухааны 100 шилдэг сургуулийн нэг, судалгааны их сургууль болох, Их сургуулийн хотхон байгуулж, Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх эрхэм зорилготойгоор хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг сургуулийн захирал, доктор Ж.Цолмон хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуульд шинээр элсэн орж буй оюутнуудад тусгайлан баяр хүргээд, “Эмчийн мэргэжил манай улсад хамгийн нэр хүндтэй мэргэжил хэвээр байна. Манай үе үеийн эмч нар хүн ардынхаа эрүүл мэнлийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Та бүхний ажлыг тойруугаар үнэлэх нэг үзүүлэлт бол манай иргэдийн дундаж наслалт юм. 1992 онд 62.8 байсан дундаж наслалт 2018 оны байдлаар 70.2 болжээ. Гэсэн хэдий ч энэхүү үзүүлэлтээрээ бид дэлхийд 122-р байрт бичигдэж байна. Энэ бол ирээдүйн эмнэлгийн мэргэжилтэн та бүхний өмнө асар их хариуцлага, итгэл хүлээлт байгааг илэрхийлж байгаа юм. Үүнийг зөвхөн өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвараар шийдэж чадна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь  Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” ахлах сургуульд очлоо. Ерөнхий боловсролын 77-р сургууль гэгдэж байсан тус сургуулийг тэрбээр 1987 онд төгсчээ. Тус сургуульд энэ хичээлийн жилд 35 бүлэгт 1085 сурагч суралцаж, 88 багш, ажилтан, ажилчид ажиллаж байгааг нээлтийнхээ үгэнд сургуулийн захирал Б.Наранбаатар танилцууллаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар сурагч насныхаа дурсамжийг сурагчидтай хуваалцаж, ангийн багш Д.Раднаа, Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүү, ахмад багш Х.Хуанган нар шавийнхаа болон сургуулийнхаа талаарх сэтгэгдлээ ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдүүдэд хандан шинэ мянганыг авч явах Та бүхэнд шинэ хандлага, шинэ тэмүүлэл чухал гэдгийг дурдаж, багшийн сургаснаас гадна мэдлэг мэдээлэл олж авахын төлөө өөрөө хичээж, байгаа боломж бүхнийг эрэлхийлэх, авьяас чадвараа хөгжүүлж, хариуцлага, ёс зүй, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн, суралцахуйд түлхүү анхаарахыг захилаа. 2019.09.01. http://www.parliament.mn/n/4xjy


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл