Монгол Улсын Их Хурлын дарга
Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества”
байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн
авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар зочдод хандан Халхын голын ялалтын 80 жилийн ой болон “Эрдмийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр Монгол, Оросын удаан жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд туршлагатай дипломатч, нийгмийн зүтгэлтний хувьд хатагтай Э.В.Митрофановагийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэв.
Хатагтай Э.В.Митрофанова цаг зав гарган, хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, “Эрдмийн баяр”-ын хүрээнд өчигдөрхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг орос сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тэнд суралцаж буй сурагчдын авьяас чадвараар онцгой бахархсанаа хэллээ. Түүнчлэн хоёр ард түмний хамтын ялалт-Халх голын 80 жилийн ой бол бидний хувьд онцгой баяр юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ ойг тохиолдуулан хүрэлцэн ирж байгаа нь манай хоёр ард түмний онцгой, түүхэн харилцааны тод илэрхийлэл юм гэлээ.
“Росструдничества” байгууллагын Монгол дахь салбар Монгол Улсын парламенттай тогтоосон хэлхээ холбоогоо улам өргөжүүлэхийн төлөө байдаг бөгөөд Таны тэргүүлсэн “Орос, Зөвлөлтөд их, дээд сургууль төгсөгчдийн холбоо” өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, бидний ажлыг дэмжин тусалж байдагт талархаж байна хэмээн хатагтай Э.В.Митрофанова онцоллоо.
Тэрбээр ОХУ-д жилд 15.000 гадаад оюутан суралцаж байгаагийн дотор монголчууд бий бөгөөд суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Анд нөхдөө бид онцгойлон үзэж, ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар анхаарал тавх болно гэлээ.
Хатагтай Э.В.Митрофанова өнгөрсөн 4-р сард БСШУСЯ-наас гадаад хэлээр явагддаг олимпиадуудыг зогсоох шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлж, орос хэлний олимпиад цаашид үргэлжлэн явагдаж, Монголын хүүхэд багачуудын орос хэл эзэмших, Оросын ард түмний түүх, соёлыг танин мэдэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийн өвийг нандигнан хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар түүнтэй санал нэг байгаагаа хэлж, орос хэл сурах гэсэн хүүхдүүдийн хүсэл тэмүүлллийг байнга дэмжиж, дээрх асуудлыг онцгойлон анхаарах болно гээд Монгол, ОХУ-ын хамтарсан их сургууль байгуулах асуудлаар Эрхүүгийн Байгалийн Их Сургуультай хамтран ажиллаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн төгсөгчдийн холбооноос Халх голын ялалтын 80 жилийн ойг угтаж хамтран зохион байгуулсан арга хэмжээ, цаашид төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгөв.
Хатагтай Э.В.Митрофанова энэ хавар Эрхүү мужийг хамарсан үер усны гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулж, анд нөхдийн сайхан сэтгэлээр хандсанд нь Төгсөгчдийн холбоо болон Монголын ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.