Цэс

Холбоо барих

В.В.Путин: “Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой“

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж,  энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

Ноён В.В.Путин УИХ-ын даргад талархал илэрхийлээд, Халх голын ялалт бол бидний хамтын нөхөрлөл, найрамдлын түүхийн нэгэн илэрхийлэл юм. Энэ ялалтын ач холбогдол манай хоёр ард түмэнд үнэ цэнэтэй байсаар байх болно гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Чин сэтгэлийн хандлага, илэн далангүй бодит харилцаа бол найрамдал юм” гэсэн Оросын суут жанжин А.В.Суворовын хэлсэн үгийг дурдаад, Таны Халх голын ялалтын ойд биечлэн оролцож, албан ёсоор айлчилж буй нь  ОХУ-ын удирдлага, Оросын ард түмэн хоёр орон, ард түмний найрамдал нөхөрлөлийн үнэ цэнийг дурсан хүндэтгэсээр байгааг дахин нотолж байна гэлээ.    

Тэрбээр Таны айлчлалын хүрээнд хоёр талын харилцааны түвшинг ахиулж Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр хэлэлцэн тохиролцож буйд баяртай байна хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол, Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тэмдэглээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын нягт хэлхээ холбоо нь худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэв.

Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвийг хөндөж ярих үеэрээ “2018 онд хоёр улсын хоорондох худалдааны хэмжээ 27 хувь өсөж, 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Худалдааны хэмжээ ийнхүү өсөж байгаа нь биднийг баярлуулж байгаа хэдий ч Оросын талд дийлэнх хэсэг нь ногддог байдал үргэлжилсээр байна. Монголын экспортын хэмжээ нийт бараа эргэлтийн дүнд ердөө 5 хувийг л эзэлж байгаа юм. Ийм дүр зураг олон жилийн турш үргэлжилсээр байна” гэлээ.

Түүнчлэн харилцан ашигтай томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх, тухайлбал “Путиний Талын зам” төслийг үр дүнд хүргэхийн тулд хамтарсан ажлын хэсэг буюу Зөвлөл байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн хөрөнгө оруулалтын хамтарсан том төсөл огт хэрэгжүүлэлгүй хэдэн арван жил өнгөрөөд байгааг дурдаж, боломжит төслүүдийг, тухайлбал УБТЗ-ын дэд бүтцийг хөгжүүлэх, техникийн шинэчлэл хийх төслийг эхлүүлэх сонирхолтой байгаагаа дуулгаад, энэ төслийг гүйцэтгэхэд шаардлагатай 100 тэрбум рублийн хөнгөлөттэй зээлийг олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг В.В.Путинээс хүслээ.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн хувьцаат нийгэмлэг УБТЗ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тус байгууллагын дизелийн түлшний татвартай холбоотой асуудлыг Улсын Их Хурлаас бүрэн шийдвэрлэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэрбээр  2018 онд Эрхүүгийн Байгалийн Их Сургуультай хамтарсан Орос, Монголын хамтын ажиллагааны төв байгуулагдаж, залуучуудын талаарх бодлого болон экологи, боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн олон арга хэмжээ зохион байгуулсан, ирэх есдүгээр сард болох Форумаар Монголын оёдлын болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, Оросын армийнхан, Сибирь, Алс Дорнодын бүс нутгийнхын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар танилцуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар ярианыхаа төгсгөлд “Роснефть” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Халх гол сумыг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжсэнийг дуулгаад, энэхүү төслийг шууд дэмжиж ажилласанд нь ноён В.В.Путинд, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд нь “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечинд талархал илэрхийлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь бидний цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр Халх голын хамтын ялалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, ойг угтан олон сайхан арга хэмжээ зохион байгуулсанд монгол нөхдөдөө талархаж байгаагаа илэрхийлэв.

Ноён В.В.Путин олон жилийн түүхтэй, найрсаг хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд “Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой“ гэв. Бидний харилцааны гол чиглэл эдийн засаг юм гэж тэрбээр онцлоод, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгийн үр ашиг, өгөөжийг урьдчилан сайн тооцох нь чухал гэж тэмдэглэлээ.

           Тэрбээр хоёр орны хоорондох худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа нь сайн хэрэг, харин тэнцвэргүй байгаа талаар Таны дурдсан асуудлын тухайд гэвэл энэ байдлыг өөрчлөх арга замыг Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх нь зөв гэж үзэж байгаагаа онцоллоо.

Түүнчлэн Монголын хөдөө аж ахуйн болон уул уурхайн түүхий эдийн экспортыг дэмжих, УБТЗ-ыг өөрчлөн шинэчлэх асуудлыг онцгой анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Мөн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай өрнөж байгааг тэмдэглэж, цаашид илүү өргөн хүрээнд, үр өгөөжтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах манай талын саналыг ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, Монголоор дамжуулан тавих асуудлыг хариуцсан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах санал тавьсан.

Энэ асуудлаар шийдвэр гаргаж, тооцоо судалгаа хийж ажиллахыг уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүст Ерөнхийлөгч В.В.Путин  даалгав.

Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын найрамдлын бүлгийн дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл