ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт
(2019.08.19-23)
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг Улсын Их Хурлын Тамгын газраас бэлтгэж цувралаар уншигчдад хүргэж байгаа. Энэ удаад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийг хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан бөгөөд хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсанаар хаягдал усан дахь бохирдлыг үе шаттай бууруулж улмаар байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах, усыг зүй зохистой дахин ашиглах, үүнд чиглэсэн техник технологийг нэвтрүүлэх, усны зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг бууруулах ач холбогдолтой. Хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөр ногдуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих эрхийг сав газрын захиргаанд олгохоор шинээр тусгасан нь хуулийн хэрэгжих үндсэн суурь нөхцөлийг бий болгожээ. 2019.08.20. http://www.parliament.mn/n/izjy
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 32 дахь дугаар хэвлэгдэж гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг нийтэлжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хоол зүйч, тогооч, туслах тогооч болон суралцагчийн тооноос хамаарсан бэлтгэгч, угаагч, үйлчлэгч бүхий мэргэжлийн хүний нөөцтэйгөөр шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж ашиглан сургуулиас суралцагчид өдрийн хоолоор үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах анхдагч хууль бөгөөд хууль 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Харин 2021 оны хичээлийн жилээс эхлэн бага ангийн суралцагчдыг, 2022 оны хичээлийн жилээс дунд ангийн суралцагчдыг, 2023 оны хичээлийн жилээс ахлах ангийн суралцагчдыг өдрийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулахаар заасан. Мөн Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн шаардлагатай төсөв хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор даалгажээ.
Хууль батлагдсанаар олон улсад нэр хүнд бүхий дэлхийн 180 гаруй оронд хэрэгжиж буй хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх боломжтой болж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Мөн дугаарт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай”,“Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”, “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг бүрэн эхээр нь нийтэлжээ. 2019.08.20. http://www.parliament.mn/n/i5jy
Нэгэн үе олны дунд тааруухан байсан Улсын Их Хурлын нэр хүнд сүүлийн үед өсөж байгааг судалгааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлт харуулсаар байна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагад итгэх олны итгэл өмнөх үеэс сэргэснийг хараат бус судалгааны МЭК байгууллага энэ 4 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотын оршин суугч 1070 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад тэдний дийлэнх нь хаврын ээлжит чуулган эхэлснээс хойших Улсын Их Хурлын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн байдаг. Энэ нь өмнөх сарынхаас даруй 2.5-аас 3.5 пункт болж өссөн үзүүлэлт юм.
Тэгвэл судалгааны МЭК байгууллага 2019 оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 725 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мөн л эерэг үнэлэлт өгсөн байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байгаа юм.
Судалгааны зарим байгууллагын дүнгээс үзэхэд Улсын Их Хурлын нэр хүнд 2017 оны 9 дүгээр сараас хойш уруудсаар 2018 оны 1 дүгээр сар гэхэд 1.9 хувьд хүрээд байв. Харин 2019 оны 2 дугаар сараас эхлэн өсөж, мөн сард 2.6, харин 3 дугаар сард 2.9 хувь, 6 дугаар сард 3.8 хувь байсан бол энэ сарын судалгааны дүнгээр 3.9 хувьтай гарчээ. Үүнийг судалгаанд оролцсон иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийг Улсын Их Хурал хэлэлцэж буйтай холбож авч үзсэн байна.
Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь Монголын улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлж шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэж буйг иргэдийн дийлэнх нь ойлгон дэмжиж байгаа аж. Тухайлбал, МЭК судалгааны байгууллагаас 2019 оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд явуулсан судалгаанд оролцсон 725 иргэний 66 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин тус байгууллагаас 2019 оны 6 дугаар сард явуулсан судалгаанд оролцсон 712 иргэний 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байв. 2019.08.21. http://www.parliament.mn/n/s8jy
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хэмжил зүйн тухай хууль (шинэчилсэн найруулга) нь 6 бүлэг, 24 зүйлтэй.
Уг хуулийг хэрэгжүүлснээр бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болж, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болно. Мөн хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтыг давтан хийх зардал хэмнэгдэж, хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх өртөг багасна. Түүнчлэн салбарын хэмжил зүйн албыг бий болгох замаар хэмжил зүйн ажил, үйлчилгээний төвлөрлийг сааруулна.
Хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэх боломж бүрдэж, хэмжил зүйн зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт хүрэх юм. 2019.08.22. http://www.parliament.mn/n/sujy
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Грегори Мэй Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй бөгөөд анхны албан ёсны уулзалтаа УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргатай хийж байгаадаа баяртай байна гэдгээ онцлоод АНУ-ын Элчин сайдын яамнаас Био аюулгүй байдлын үндэсний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХААИС-тай хамтран энэ сарын 23-ны “Монголын хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн өнөөгийн хөгжил, цаашдын чиглэл” сэдэвт хурал зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. 2019.08.22.
http://www.parliament.mn/n/szjy
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээ зохион байгуулав.
Уг арга хэмжээг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг үг хэлж, Улсын Их Хурлын даргын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс батлуулсан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой шийдлүүдийг тусган, холбогдох байгууллагуудад цаг хугацаатай үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийг үр дүнтэй болгох, оновчтой ажилд зарцуулахад ихээхэн анхаарч байна.
Байнгын хорооноос агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр зарцуулсан хөрөнгөд гүйцэтгэлийн аудит оруулж, хяналт шалгалт хийлгүүлсэн гэлээ.
Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг дүүргийн төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцож, иргэдэд үйлчиллээ. 2019.08.22.
http://www.parliament.mn/n/s5jy
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд хэлэхдээ, Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгээс гаргасан шийдэл, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналуудын талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн томьёолж санал хураалгахад бэлэн болгоод байна. Ажлын хэсгийн өмөнх хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг хэрхэн томьёолсон байдлыг хэлэлцэж, цөөн хэдэн асуудлыг дахин ярилцахаар нээлттэй үлдээж, бусад асуудлуудыг үндсэнд нь хэлэлцэж шийдвэрлэсэн. Харин ажлын хэсэг, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдсэн зарим саналууд зөвшилцлийн явцад өөрчлөгдсөн учраас 15 саналыг татан авч байгаа. Зөвшилцлийн ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналуудыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан томьёолж авч үзэхэд Үндсэн хуулийн нийт зүйлийн 34.2 хувийг хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцэж байна гэдгийг хэллээ.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөөд тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд энэ асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллыг бэлтгэснийг санал хурааж шийдвэрлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.
Ажлын хэсгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг “3” болгож “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн агуулгатай 2 дахь заалтыг нэмэхээр болов. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах”-аар тусгасан байсныг зөвшилцлийн явцад ингэж өөрчлөхөөр тохирсон юм байна. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлд буюу Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг дэмжив. Энэ саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгаад байсан юм.
Ажлын хэсгийн саналаар төслийн 4 дүгээр зүйлд буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаа” гэснийг “ерэн ес” гэж, төслийн мөн зүйлийн 21.2, 24.2, 40.1, 59.3, 60.2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж гэж тус тус өөрчлөхөөр болов. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүдийн тоо 99, гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил болох юм. Энэ асуудлыг зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд ярилцаж тохирсон байна. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар болов.
Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйл буюу Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Харин Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлд “Шүүхийн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэсэн агуулгатай Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмэхээр тогтсон юм.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь зааль буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж гишүүдийн саналаар өөрчлөн найруулахаар болов.
Ажлын хэсгээс гаргасан төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн санал хураалт явуулж шийдвэрлэх юм. 2019.08.23. http://www.parliament.mn/n/zmjy
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16 цаг 37 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 24.2.Байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний олонх хүрэлцэн ирсэн бол түүнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ гэснийг гишүүдэд анхааруулав.
Мөн тэрбээр, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Байнгын хороо хуралдаж, хоёр дахь хэлэлцүүлэг хийснийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн мэдүүлсэн тул Улсын Их Хурлын 72 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа төсөлтэй уялдуулах, Зөвшилцлийн ажлын хэсгийн байгуулж, таван удаа хуралдаж, төслийн таван сэдвийн хүрээнд улс төрийн намууд, иргэд, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулсан талаар дурдлаа. Байнгын хорооны хуралдаанаар Зөвшилцлийн ажлын хэсэг, АН-ын зөвлөлийн санал болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх 90 гаруй зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэх болсныг онцоллоо.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалт болон Ажлын хэсэг, УИХ-ын гишүүд, АН-ын зөвлөлөөс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийн хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж, мөн төслийн “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж өөрчлөн найруулсан Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах, бүрэн эрхтэй, түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн төслийн заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Ажлын хэсгээс гаргасан “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн эрх ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжив.
Төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 заалттай холбоотойгоор Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс зарчмын зөрүүтэй найман санал гаргасныг санал тус бүрээр нь хэлэлцсэн. Ингэхдээ “төрийн санхүү, зээл албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн Ажлын хэсгийн саналыг “Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр” гэснийг хасч, “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж АН-ын зөвлөлийн саналыг тусган өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Харин төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах асуудлыг Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулахаар боллоо.
Түүнчлэн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж, төслийн 3 дугаар зүйлийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж, мөн төслийн 3 дугаар зүйлийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны хуралдааныг түр завсарлаж, Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсон юм. 2019.08.23. http://www.parliament.mn/n/zxjy
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс