Эмхэтгэлийн шинэ дугаарт, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуульд , “тамхигүй орчин”, “дотоод орчин”, “брэнд өргөтгөх”, “брэнд хуваалцах” гэсэн нэр томьёог тайлбарласны зэрэгцээ тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээд, тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд хүлээх үүргийг тус тус хуульчилж өгсөн байна. Мөн утаат тамхи татахыг хориглосон газрыг тодорхой зааж өгсөн байна. Үүнээс гадна энэ хуулийн тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахыг хуульд тусгажээ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр ажээ.
Эмхэтгэлд, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай”, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиудыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Үүнд Гаалийн тарифын зөвлөл, Стандартчиллын үндэсний зөвлөл, Цөмийн энергийн комисс, Улсын онцгой комисс, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл зэрэг комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Эмхэтгэлд, шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт шувуу”- аар зарлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
2012 оны 11 дүгээр сарын 26