Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 29 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ.

Уг хуульд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, ангиллын шалгуурыг ажилчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан байдлаар өөрчилсөн бөгөөд ажилчдын тоо нэмэгдэх тусам тухайн аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдэхээр, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан зээл олгохоор тусгажээ.


Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10 хүртэл ажилтантай, 300.0 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж; жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10-50 хүртэл ажилтантай, 300.0 сая-1.0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж; дунд 50-200 хүртэл ажилтантай, 1.0-2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж тус тус хамаарах аж.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг тодорхойлж, аж ахуйн нэгжүүд кластераар, бүсчилсэн байдлаар төрөлжин хөгжих боломжийг бий болгох, орон нутагт кластерийн хэлбэрээр хамтран ажиллах тохиолдолд төрөөс тэргүүн ээлжинд санхүү, татварын болон дэд бүтцийн хангамжийг сайжруулах зэрэг дэмжлэг үзүүлэхээр хуульчилжээ.

Дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож болохоор, Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгохоор тусгасан байна.

Төрийн байгууллага, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын улмаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зорилтот бүлэгтээ очдоггүй байсныг өөрчлөх зорилгоор уг сангийн үйл ажиллагааны болон зээл олгох, сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батлахаар өөрчилж, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээд, төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай уялдуулсан зохицуулалтуудыг тусгажээ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгох эрх зүйн зохицуулалтыг мөн бий болгож, жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй хэмжээний мөнгөн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар зарцуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгажээ. 2030 он хүртэл хугацаанд ийнхүү улсын төсвөөс хөрөнгө хуваарилах бөгөөд түүнээс цааш Сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэх юм байна.

Мөн дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолууд, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл