Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг малчид, хөдөлмөрчдөд танилцуулж, санал бодлыг нь сонсож байгаа билээ.
Өнөөдөр /2019.08.04/ Баянхонгор аймгийн Баянговь суманд “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулав. Түүнчлэн Монгол
Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй үйл явц болон түүнд орж буй гол өөрчлөлт, зохицуулалтуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Баянговь сумын иргэд нутгийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
"Зуслангийн өдөрлөг"-ийн хүрээнд Улаанбаатар хотоос очсон эхо оношилгоо, хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, урологи, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын баг хоёр өдрийн турш орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм. Аймгийн хэмжээнд шүдний өвчлөл бүх насныхны дунд их байгааг эмч нарын багийн ахлагч, “Хонгор дент” шүдний эмнэлгийн их эмч Б.Нацагдорж хэлж байлаа. Аймгийн удирдагуудаас “Эрүүл шүд” аяныг өрнүүлж, зарим сумдад хүүхдийн шүдний өвчлөлийг огцом бууруулсан ч эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж эргээд өвчлөл нэмэгдэх хандлага байгаа учир онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Орон нутгийн газрын гүний болон ундны усны онцлогоос шалтгаалан иргэдийн дунд дотор эрхтний өвчлөл багагүй байдаг байна. Өдөрлөгийн үеэр Баянговь суманд давхардсан тоогоор 150 гаруй иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан юм. Малчин иргэд тэр бүр эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй тул дахин нарийн мэргэжлийн эмч нарын багийг удаан хугацаагаар сумдад ажиллуулж өгөхийг Баянговийнхон УИХ-ын дарга болон орон нутгийн удирдлагуудаас хүслээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянговь сумын иргэдтэй шатрын нөхөрсөг тоглолт хийсэн юм.
Сумын хэрэгцээнийхээ
чацарганыг өөрсдөө тариалж байна
Мод тарина, тэр дундаа говь нутагт мод, ургамал тарьж ургуулна гэдэг амаргүй ажил. Байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн даац муудаж, цөлжилт явагдах болсон энэ цаг үед Баянговь сумын малчин иргэд мод тарьж, нутаг орноо ойжуулахаар зорьж эхэлжээ. Үүний зэрэгцээ сумынхаа хэрэгцээг бүрэн хангах чацарганы тариалалтыг 2014 оноос эхлүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Баянговь сумын 5 дугаар багийн малчин н.Сэнгээ: - Бид гэр бүлээрээ мод тарьдаг. Мод үржүүлгийн нийт 30 га талбайн 12 га-д нь сүүлийн хоёр жил хайлаас, улиас, чацарганы мод тарьж байна. Бэлэн суулгац авчирч суулгасан. Мөн ногоон тэжээл тарьдаг. Үлдсэн талбайдаа цаашид ногоон тэжээлээ түлхүү тарих бодолтой байгаа. Манай сумын Засаг дарга Эрдэнэбилэг биднийг дэмжсэнээр энэ талбайд мод үржүүлгийн ажлаа эхлүүлсэн. Энд хоёр гэр бүл хамтарч ажилладаг. Хурааж авсан жимсээ сумынхаа сургууль, цэцэрлэг болон зэргэлдээ сумдад нийлүүлдэг. Бүх зүйлээ гар ажиллагаагаар хийдэг учраас усалгааны тоног төхөөрөмж, машин трактор зэрэг зүйлс авах шаардлагатай байгаа. Энд усны боолтын системд баахан хөрөнгө зарж 240 орчим сая төгрөгөөр барьсан. Гольдролыг нь буруу тооцсон учраас ашиглах боломж байдаггүй. Одоо өөрсдөө байнга гар усалгаа хийдэг.
Баянговь сумын 5 дугаар багийн малчин С.Эрдэнэбат: - 2011 оноос мод тарьж, ойжуулах ажлаа эхэлсэн. Өөрсдийн боломжоор мод тарьж байгаа ч машин техник, усалгааны систем дутагдалтайгаас талбайгаа бүрэн ашиглаж чаддаггүй. Манайх 2014 оноос чацарганы модоо тарьсан. Одоогоор хувьдаа 2000 гаруй чацарганы модтой. Хоёр жил дараалан ургац авсан. Жилдээ 700-гаас нэг тонн орчим ургац хурааж авдаг гэж ярьж байв.
Аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахад хяналт тавихыг үүрэг болгов
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллах үеэрээ улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц байдалтай танилцав.
Баянговь суманд энэ онд Нутгийн удирдлагын ордон болон 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм.
Нутгийн удирдлагын ордныг “Очир заан” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд сумын 32 иргэнийг ажиллуулж байна. Барилгын ажил хэвийн үргэлжилж байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 01 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөх зорилттой байна гэж тус компанийн инженер н.Лхагва хэллээ.
“Арвин Хонгор” ХХК-ийн хариуцан ажиллаж буй 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил 70 орчим хувьтай явагдаж байгаад УИХ-ын дарга шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрбээр, “Зуны сар зургаа биш. Найман сар гарчихсан байхад дөнгөж 70 хувьтай байна. Удахгүй хичээл сургууль эхлэх гэж байна. Энэ сарын 15 гэхэд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хүүхдийн төлөө хийж байгаа ажилд сэтгэл гаргамаар байна” гээд аймгийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад аймгийн хэмжээнд хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж, заасан хугацаанд ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.