Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 01 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ оны анхны дугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Үүгээр, “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх” зэрэг хэсэг, заалтыг нэмж, “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэж холбогдох хэсгийг өөрчлөн найруулжээ.

Мөн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгчөөс ямар эд хөрөнгийн тухай мэдүүлгийг авахыг энэ хуулиас мэдэж болно.

Эмхэтгэлд, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ.

Түүнчлэн тус дугаарт нийтлэгдсэн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Дуудлага худалдаатай холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэсэн агуулгатай хэсэг нэмж, “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.”, “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж холбогдох хэсгийг өөрчлөн найруулжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэлснээс гадна Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Мөн Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тус тус нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл