Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгүүдийн үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх таван багц сэдвийн хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөл, иргэд, судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл саналаа танилцуулсан. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр улс төрийн 17 намын төлөөллийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал солилцсон юм.
Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.08.02) хуралдаж байна.
Дэд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажиллаж байна. Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн болон Томъёоллын зэрэг зургаан дэд хэсэг ажиллаж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.