Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Сүүлийн жилүүдэд соёрхон баталсан олон улсын гэрээ, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын чиг үүрэг улам бүр өргөжсөөр байгаа билээ. Түүнчлэн Комиссоос хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаар нэлээд хүчин чармайлт гарган ажиллаж байгаатай холбоотойгоор төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгах, төсвийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах шаардлагатай байгаа юм.
Иймээс Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор Комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, Комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн төсвийн төслийг боловсруулжээ.
Төсвийн тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Сангийн яаманд хугацаанд нь өргөн мэдүүлсэн байна.