Өнөөдөр охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр тохиож байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж, цуглаан зохион байгуулж байгаа юм.
Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн анхаарал хандуулж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, энэхүү тулгамдсан асуудлаар бодит үйл ажиллагаа өрнүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
“Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд, хуульчдын төлөөлөл УИХ-ын даргад хандан зарим санал дэвшүүлж байгааг Б.Оюунгэрэл танилцуулав.
Тухайлбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа “хүчиндэх” гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, ийм төрлийн гэмт хэрэг өдүүлсэн этгээдийн ялыг заавал биеэр эдлүүлэх, ямар нэг өршөөл, уучлалд хамруулахгүй байх, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог болох зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Гэр бүлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлийг оролцуулж, саналыг тусгах талаар анхаарч ажиллахыг хүслээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төслийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлөл, хуульчдыг оролцуулах арга хэмжээ авахыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт үүрэг болгов.