Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.02) хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат санал хэлэв.
Тэрбээр, агаарын бохирдол, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан тулгамдсан асуудлын шийдвэрлэлттэй холбогдуулж холбогдох яам, газрын мэдээллийг дараагийн хуралдаанаар сонсох санал гаргасныг байнгын хорооны дарга Х.Болорчулуун дэмжиж, дараагийн хуралдаанд мэдээлэл сонсоход анхаарна гэдгийг хэллээ.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн танилцуулгадаа, “Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.3 их наяд, төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ нь 2010 оноос хойш анх удаагаа тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарч байгаа тохиолдол бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцэж байна” хэмээн онцлоод “Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын 119 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 7 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 16 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан.
Төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 254.8 тэрбум төгрөгт хүрсэн.
Урсгал зардалд 159.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 52.6 тэрбум төгрөг, эpгэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 42.3 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 32.3 хувь буюу 82.2 тэрбум төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багц, 67.7 хувь буюу 172.5 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын зарлага эзэлж байна.
Тайлант онд улсын төсвөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын 22.1 тэрбум, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын 10.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн.
Улсын төсвөөс 260.2 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилтийг олгосон бол, төсөвт байгууллагын өөрийн орлогоор 73.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн” гэлээ.
Үргэлжлүүлэн тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат танилцууллаа.
Тэрбээр, аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн талаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 95 тайлан нэгтгэгдсэнээс 72 тайланд дүгнэлт гаргаж, 5 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, 12 байгууллагад итгэл үзүүлж, 6 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Санал дүгнэлт гаргасан 72 байгууллагаас 69 байгууллагад “Зөрчилгүй”, 3 байгууллагад “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн.
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн бодитой, шударга илэрхийлсэн тул “Зөрчилгүй” дүгнэлт гаргасан.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 53 тайлан нэгтгэгдсэнээс 44 тайлан аудитад хамрагдаж, 40 байгууллага “Зөрчилгүй”, 2 байгууллага “Хязгаарлалттай”, 1 байгууллага “Сөрөг”, 1 байгууллага “Дүгнэлт өгөхөөс татгалзах” санал дүгнэлт авсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланд илэрсэн алдаа дутагдлын хэмжээ УСНББОУС-д заасан тооцогдсон материаллаг байдлын түвшингээс хэтэрсэн тул “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан” хэмээн танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан 2018 оны аудитын тайлангаа өгөхөөс татгалзсан шалтгааныг тодрууллаа.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг “Санхүүгийн тайлангийн аудитаар дүгнэлт гаргахдаа санхүүгийн тайланд нөлөөлөхүйц, хангалттай, зохистой нотолгоо олж авч байж Төрийн аудитын байгууллага дүгнэлтээ гаргадаг. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн сонгон шалгаруулалт болон зээл олгосон, зээлийн эргэн төлөлттэй холбоотой бүх материал хууль хяналтын байгууллагад байгаа, тайлан дахь 2.9 тэрбум төгрөгийн тооцоо нийлсэн актыг баталгаажуулаагүй зэрэг үндэслэлээр дүгнэлт өгөхөөс татгалзсан” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва мөн гадаадын зээл тусламжийг цэгцлэх, зээл тусламжийг нэг салбарт буюу ус, бэлчээрийг хамгаалахад зарцуулахаар төвлөрүүлэх боломжтой эсэхийг тодруулсанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Засгийн газраас усны асуудал хариуцсан агентлаг байгуулахаар УИХ-д төсөл өргөн мэдүүлсэн. Төсөл батлагдсанаар ус хамгаалахтай холбоотой бодлогууд цэгцлэгдэнэ гэж үзэж байгаа. Цаашид олон улсын байгууллагуудтай хамтран усны салбарт хийх хөрөнгө оруулалтуудад дэмжлэг туслалцаа авъя гээд 2-3 төсөлтэй яриад, дэмжлэг хүлээгээд явж байна” хэмээн хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, үржлийн бус малыг экспортод гаргах эсэх талаар болон 21 аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргаар мэргэжлийн хүн ажиллаж чадаж байна уу, энэ салбарт гарч байгаа зөрчил, дутагдал мэргэжлийн бус удирдлагаас хамаарч байна уу гэдгийг тодруулав.
Дээрх асуултад хариулахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан салбарын яам мал, махны экспортыг дэмжих бодлого барьж байгааг илэрхийлээд “Эхний ээлжинд үйлдвэрийн аргаар боловсруулсан махны экспортод гаргах хэмжээг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.
Цөөхөн аймагт Хөдөө аж ахуйн газрын дарга мэргэжлийн бус хүн байгаа, ихэнх аймагт малын эмч, малзүйч, агрономич хүмүүс ажилладаг. Гарч байгаа алдаа дутагдал мэргэжлийн ур чадвар дутагдаж байгаатай холбоотой тал бий. Үүнийг анхааралдаа авч засч залруулах ёстой юм” хэмээн хариулав.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын тогтоолыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.