Цэс

Холбоо барих

АБГББХ: Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан (2019.10.03) 57.9 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Иймд Байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. 

Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч болон холбогдох албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсэг оролцсон юм.


    Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсөв, Засгийн газрын нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах төсвийн 82 ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, төрийн өмчит 6 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг нэгтгэснийг танилцуулав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 360.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй нэгтгэгдсэн байна. Урсгал зардалд 345.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 15.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Нийт зарлагын дүнгийн 60.5 хувь буюу 218 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайд, 17 хувь буюу 61.3 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайд, 22.5 хувь буюу 81.2 тэрбум төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын зарлага эзэлж байгааг танилцуулгад дурдав. Улсын төсвөөс 318.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 42.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн байна. 


    Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, Т.Аюурсайхан нар салбарын сайдууд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнаас асуулт асууж тодруулав. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, О.Содбилэг нар үг хэлж байр  сууриа илэрхийлсэн юм.

    Асуулт асууж, үг хэлсэн гишүүд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг зарим байгууллагын батлагдсан төсвийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа талаар, Гадаад харилцааны яамны боловсон хүчний асуудал зэргийг тодруулж хариулт авлаа. УИХ-аас шаардлагатай төсвийг баталж өгөөд байхад гүйцэтгэл хангагдахгүй байгаа нөхцөлийн шалтгааныг тодруулах шаардлагатай болохыг гишүүд хэлж байв.  

    Ингээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо. 


Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараахь хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг тэрбээр дурдав. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг хуулийн зорилтын түвшинд авч үзэхдээ дараах асуудлыг хуулийн зорилгод тусгаж, ийнхүү хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилсөн байна. Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг 6 бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг дагаж гарах хуулийн төслүүдийг боловсруулсан байна. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр нар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэн санал хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

    Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. 


    Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг хэрэгжүүлэх Киотогийн протоколд 1999 онд, 2020 оноос түүнийг залгамжлан хэрэгжих Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орсон. Тус конвенцын талуудын 16 дугаар бага хурлаас санхүүгийн шинэ механизм буюу “Уур амьсгалын ногоон сан” байгуулах шийдвэр гарч, уг сан 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, өөрийн хөрөнгө, зээлийн баталгаа зэрэг санхүүгийн хэрэгслүүд, мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологи болон эко системийн тогтвортой менежмент, ухаалаг технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хамтран ажиллагч улс орнуудын бэлэн байдлыг хангах, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд дээрх сан санхүүжилт олгодог. Манай улс 2014 оноос уг сантай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор 7 төслийг хэрэгжүүлэх шатандаа оржээ. Эдгээр төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга ажиллагаа, техник, технологи бүхий жижиг, дунд бизнесийг дэмжих, ногоон санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, гэр хорооллын эрчим хүчний бичил сүлжээ үүсгэх, нийслэлд эко шийдэл бүхий хороолол байгуулж хүлэмжийн хийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдол бууруулах асуудлыг хам шийдвэрлэх зэрэг асуудлыг хамарч байгаа аж. Түүнчлэн хот суурин газрын хэсэгчилсэн халаалтыг шийдэх арга, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх боломж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө зэргийн бэлэн байдлыг болон урьдчилсан судалгааны таван жижиг төслийн санал дэмжлэг авч, хэрэгжүүлээд байна. Монгол Улс оролцсон бүсийн гурван төсөл батлагдаад,  хэрэгжүүлэх яриа хэлэлцүүд үргэлжилж байна.  Монгол Улс Уур амьсгалын ногоон санд хүргүүлэн шийдвэрлүүлсэн болон шийдвэрлүүлэх төвшинд хэлэлцэгдэж байгаа төслүүдийн хэрэгжилтийг шуурхайлж, үр өгөөжтэй болгох зорилгоор тус сантай байгуулах “Хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар соёрхон батлах шаардлага үүссэн болохыг танилцуулгад дурдсан. Холбогдох хуулийг баталсан тохиолдолд Монгол Улсад орж ирэх бүхий л төрлийн санхүүгийн дэмжлэгт давхар татвар ногдохгүй байх, хөнгөлттэй зээлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн түншлэгч талуудын зээлийн хүүгийн дарамт буурах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой аж. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

    Байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулсан юм. Тэрбээр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.


    Нэр дэвшигч Д.Ганзоиг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. 

    Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.


    Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Ундраа нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Я.Санжмятав, Н.Энхболд нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлсэн. 

    Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл