Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2019.10.03) хуралдаан 66.7 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааныг дэд хорооны дарга З.Нарантуяа даргалав.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, 21 аймаг, нийслэлийн 4439 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан болон Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэжээ.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.3 их наяд, төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа бөгөөд төсөв, санхүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлсэн, төсвийг тодотгохгүйгээр мөрдүүлсэн, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг олгож, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулсан жил болсон байна.
Монгол Улсын 2018 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6.8 их наяд төгрөг, төсвийн зарлага 7.2 их наяд төгрөгт хүрч, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагдсаныг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүнг товчлон танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар “Эрдэс баялгийн голлох нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөрш орны зах зээлийн эерэг хандлага зэрэг гадаад хүчин зүйлсээс гадна ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үргэлжилсэн, валютын нөөц нэмэгдсэн, эдийн засгийн идэвхжил сэргэж, бодит эдийн засаг өссөн зэрэг дотоод хүчин эүйлсийн нөлөөллийн орчинд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв хэрэгжсэн байна.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 2 их наяд 136.6 тэрбум төгрөгөөр давж биелжээ
Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 9 их наяд 317.2 тэрбум төгрөгийн буюу төлөвлөснөөс 717.9 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байна.
Нэгдсэн төсвийн нийт тэнцлийг 2 их наяд 630.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар 749 төсөл арга хэмжээнд 683.3 тэрбум концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн 5 төслийн эргэн төлөлтөд 82,9 тэрбум, нийт 766.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан нь өмнөх оноос төсөл арга хэмжээний тоо 2 дахин, санхүүжүлэх дүн 81.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр 58 төсөл арга хэмжээ дутуу хэрэгжсэн. 71 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйгээс 2018 онд олгохоор баталсан санхүүжилтийн 15.1 хувь буюу 102.9 тэрбум төгрөг зарцуулагдаагүй байна” хэмээн танилцууллаа.
Харин, Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар “Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 45, Хязгаарлалттай 7 дүгнэлт өгч, 3 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд холбогдох журмыг үндэслэн итгэл үзүүлсэн.
Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан” гэж танилцуулав.
Улсын Их Хурлын холбогдох байнгын хороод 2019 оны аравдугаар сарын 2-3 ны өдрүүдэд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ томъёолон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд ирүүлсэн бөгөөд Төсвийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хөрөнгө оруулалтын санхүүжилт дутуу олгогдож байгаа нь төлөвлөлттэй холбоотой байгаад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа орон нутгийн бие даасан байдлыг хангах, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварын орлогыг тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа онцлов.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүнд төрийн үйлчилгээний өртөг буурч, чанар, хүртээмж сайжирч буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн мөрөөр Засгийн газар эрх бүхий албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог байх, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийн тайланг холбогдох байнгын хороодоор хэлэлцэх, түрээсийн орон сууцны зах зээлийг хувийн хэвшилд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, түрээсийн орон сууцыг орон нутагт барихад анхаарах, төрийн худалдан авалтын зар, сонгон шалгаруулалтыг тухайн жилийн эхний улиралд багтаан дуусгаж байх зэрэг саналуудыг гаргажээ.
Бусад байнгын хороод тусгайлсан санал, дүгнэлтийг гаргаагүй тул санал, дүгнэлтийг танилцуулснаар тооцсоныг байнгын хорооны дарга З.Нарантуяа тэмдэглэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй, харин байнгын хорооны дарга З.Нарантуяа ажлын хэсгийн гишүүдээс тодорхой асуултууд асууж, хариулт авлаа.
Тэрбээр, Өмнөх онуудад өгсөн зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хэрхэн шалгадаг вэ гэдгийг тодруулахад Ерөнхий аудитор Д.Занданбат хариулахдаа “2017 онд өгсөн нийт 1804 зөвлөмжийн биелэлтийг хянаж үнэлэхэд 71 хувийн биелэлтэй гэсэн тооцоо гарсан. Хэдий Засгийн газраас санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч байгаа боловч санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байгаа. Цаашид зөвлөмжийн биелэлтийг сайжруулах тал дээр бид илүү идэвхтэй ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Мөн, төрийн оролцоог бизнесийн салбарт бага байлгана гэж ярьдаг боловч Засгийн газрын оролцооны хувь хэмжээ маш их өсөж, төрийн өмчит компаниудад эзэмшиж байгаа хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн нь харагдаж байна. Засгийн газрын тусгай сангуудын мөнгө ч их нэмэгджээ. Ямар шаардлагаар ингэж нэмэгдэж байна вэ гэдгийг тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын оролцоо бага байх ёстой гэдэгтэй зуун хувь санал нэг байна. Өмч хувьчлалыг хийхдээ хөрөнгийн зах зээлийн орлцоог нэмэгдүүлэх замаар явуулж, аль болохоор олон нийтэд ил тод, нээлттэй компани болгоё гэдэг бодлогыг Засгийн газар барьж ажилласан” хэмээн хариуллаа.
Асуулт, хариулт дууссаны дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжие гэсэн томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.
Тогтоолын төсөлд, Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6.828,374.0 /зургаан их наяд найман зуун хорин найман тэрбум гурван зуун далан дөрвөн/ сая төгрөгөөр, Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,181.902.8 /долоон их наяд нэг зуун наян нэгэн тэрбум есөн зуун хоёр сая найман зуун/ мянган төгрөгөөр батлахаар тусгасан байна.
Ийнхүү Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцээд, гаргасан санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.