Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 39 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 39 дэх дугаарт Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлжээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал болон нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.

Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.доллар, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бол энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа 20 жил хүртэл, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байна.

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар баталсан Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95.0 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэх аж. Мөн Азийн хөгжлийн банкны 80.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Өндөр технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс тус тус санхүүжүүлэх юм байна.

Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Төслийн хүрээнд 10,000 айлын орон сууц барих ба үүнээс 55 хувь нь орлогод нийцсэн орон сууц, 15 хувь нь түрээсийн орон сууц, 33 хувь нь зах зээлийн үнэтэй орон сууц байх бөгөөд нийт гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон байгууламжтай, 60 хувиас багагүй хэсэг нь орлогод нийцсэн болон түрээсийн орон сууцанд амьдрах холимог орлоготой иргэдэд зориулсан, нөөцийн хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хамгийн дээд хэмжээгээр ашигласан эко хороолол болгон дахин хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн дугаарт Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл