Цэс

Холбоо барих

ТБХ:Хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаанаар хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхтэй холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

    Хуралдааны эхэнд  Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

    Төсөл санаачлагчийн илтгэлийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцоод байна. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү 0, эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, хөнгөлөлтийн түвшин 40.5 хувьтай байна. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, 27 дугаар тэмдэглэл гарсан. Иймд уг асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асууж, хариулт авсны дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. 

    Дараа нь Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцсэн.  

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх зорилгоор  3 үе шаттай, 10 жилийн хугацаатай,  “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын  энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын хөтөлбөрийн гэрээний тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон. 

  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж,  үг хэлэв. Тэрбээр, Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал асуудал гэдгийг дурдаад төслийн хүрээнд Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүргүүдийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээхэд онцгой анхаарах боломж, бололцоо байгаа эсэхийг тодруулсан.


    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа эмзэг бүлгийн иргэд хүссэн үедээ, хүссэн газраасаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байгаа. Иймд энэ төслийн хүрээнд зургаан жишиг өрхийн эмнэлэг байгуулна хэмээн хариулж байлаа.
Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. 

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

    Төсөл санаачлагчийн илтгэлийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн. Энэ туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн нөхцөл хүү  нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, санхүүгийн хамтын ажиллагааны хугацаа 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх болно. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж,ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарын дэд бүтцийг санхүүжүүлнэ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлнэ. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Тогтохсүрэн асуулт асууж, санал хэлсний дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд орлоцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.  


     Хуралдааны төгсгөлд “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

    Төсөл санаачлагчийн илтгэлийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй     "Өргөтгөсөн санхүүжилт"-ийн хүрээнд дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар  харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сэргээх нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн гурван чиглэлээр нийт 33 бодлогын арга хэмжээг авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр эхний санхүүжилт 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 10 дугаар сард улсын төсөвт орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь хүрээнд авч хэрэгжүүлэхээр тохиролцсон бодлогын 10 арга хэмжээг Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 80 сая. ам долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас, 20 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа. Санхүүжилтйийн нөхцлийн тухайд зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил,  эхний таван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хөгжлийн банкнаас авч буй  зээлийн хүү 1.25 хувь, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хүү LIBOR+0.89  хувь болно гэж байлаа.  

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцээр, зээлийн гэрээний төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь зөвшилцөхийг дэмжсэн. Иймд хэлэлцээр, зээлийн гэрээний төслийн зөвшилцөх холбоотой Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг УИХ-ын гишүүн Ч.Улаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл