Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаан 13 цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж. Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирсон. Эдгээр төслүүдийг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлэв. Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,3 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн "Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байна. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдпагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх шийдвэрт өөрчлөлт орсон эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцны лифт, лифтний тоног төхөөрөмжийг шинэчлэх болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах эсэх талаар асууж, хариулт авсан.
Ингээд Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хуулийн төслийг Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд гишүүн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон билээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан байна. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд байна. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам, долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байна. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулах шаардлагатай гэдгийг Сангийн сайд онцолсон.
Хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцоод байна. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү 0, эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, хөнгөлөлтийн түвшин 40.5 хувьтай байна. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, 27 дугаар тэмдэглэл гарсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын хөтөлбөрийн гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Ингээд “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн. Энэ туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн нөхцөл хүү нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, санхүүгийн хамтын ажиллагааны хугацаа 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх болно. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж,ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарын дэд бүтцийг санхүүжүүлнэ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлнэ гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санал хэлсний дараа Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилт"-ийн хүрээнд дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сэргээх нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн гурван чиглэлээр нийт 33 бодлогын арга хэмжээг авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр эхний санхүүжилт 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 10 дугаар сард улсын төсөвт орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь хүрээнд авч хэрэгжүүлэхээр тохиролцсон бодлогын 10 арга хэмжээг Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 80 сая. ам долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас, 20 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа. Санхүүжилтйийн нөхцлийн тухайд зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, эхний таван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хөгжлийн банкнаас авч буй зээлийн хүү 1.25 хувь, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хүү LIBOR+0.89 хувь болно гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах "Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудалд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрье" гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.