Байнгын хорооны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд болов.
Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар удирдаж, хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гантөмөр, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнгөнбагана, Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Л.Эрдэнэчимэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасан, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Цогжавхлан, ТВ5 телевизийн гүйцэтгэх захирал Э.Дагиймаа нар болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар ажлын хэсгийн гишүүдийг товч танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр хуулиийн төслийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгө батлагдаагүй учраас төслийг бүхэлд нь буцаах эсвэл монгол контентыг урамшууллын зарчмаар дэмжих механизмтай болох санал гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл төсөв батлагдахаас өмнө телевизүүдийн удирдлагатай уулзаж, хуулийн төслийн талаар 6 саналын томьёоллыг хийсэн. Ингэхдээ хуулийн төсөлд тусгагдсан санкцийг эхний ээлжинд бүхэлд нь хасах, уран бүтээлчдийг урамшуулах, монгол контент хийдэг ердөө л 10 телевиз байна, Ай Пи телевизүүдэд монгол контентыг худалдан боломж олгох зэрэг саналуудыг хэллээ. Ай Пи телевизүүд жилдээ 10 тэрбум төгрөгөөр гадаадын уран сайхны болон танин мэдэхүйн нэвтрүүлэг худалдан авч байна. Эхний ээлжинд үндэсний ухамсрыг сэргээх үүднээс монгол үндэсний контент нэвтрүүлгийг урамшуулж, монгол уран бүтээлчдийг дэмжих нь зүйтэй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр санкцигүй хууль гаргавал тунхаглалын шинжтэй болно, эрх ашиг нь хөндөгдөж байгаа Ай Пи телевизийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, тэдний бизнес, зах зээлийн онцлогтой танилцан саналыг авах, түүхэн уран бүтээлүүдийг зайлшгүй оруулах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төслийг амьдралд хэрэгжих боломжтой болгосон байна гээд Ай Пи телевизүүдийн удирдлагатай уулзах, үндэсний агуулгыг санкци дээр биш, иргэдийн ухамсар, сэтгэлгээнд тулгуурлах нь зүйтэй гэв.
Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагт өндөрлөлөө.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА