УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.13/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.
Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудпыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, “Кью Эс Си” ХХК, “Цемент шохой” ХК, “Монголиан коппер корпорэйшн” ХХК, “Цэц мөнх” ХХК, “Рэс” ХХК, “Гурван уул" ХХК, "Тайтлан Ресорсиз Монголиа" ХХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой зарим асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.
“Стандарт” банктай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх талаар Засгийн газраас чиглэл, удирдамж өгч ажилласны дүнд 2019 оны 04 дүгээр сарын эхээр 40 сая ам долларыг “Стандарт” банкинд төлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад дахь өр төлбөрийн асуудал хаагдсан бол дотооддоо энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж, шүүхийн шатанд хянагдаж байна.
Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдахаар байна гэлээ.
“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 оны эхний 7 сард 342.3 мянган тн зэсийн баяжмал, 3.0 мянган тн молибдены баяжмал үйлдвэрлэж, 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, зардлыг 5.6 хувиар бууруулж ажилласнаар 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн улс, орон нутгийн төсөвт 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 647.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 134.8 хувиар буюу 167.2 тэрбум төгрөгөөр илүү аж.
“Монголросцветмет" ТӨҮГ 2019 оны эхний хагаст үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг ханган биелүүлж, 22.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн 3 дугаар зүйлд “....тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө Монгол Улсын Бага хуралд оруулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. Монгол Улсын Бага хурал зайлшгүй гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж, Улсын Бага Хурлын чуулганы чөлөөт цагт хугацаа сунгах шаардлага гарвал Монгол Улсын Засгийн газар нь саналаа Улсын Бага Хурлын зохих Байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр дараа чуулганд оруулж батлуулахаар онцгой дэглэмийг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж тус тус заасны дагуу онцгой дэглэмийг сунгах асуудлыг УИХ-д тавьж буй юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Эрдэнэт” үйлдвэрт цаашид хэчнээн жил ашиглах нөөц байгааг тодруулсан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сүүлийн хоёр жил геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгийг онцлоод геологи, хайгуулын ажлын урьдчилсан дүнгээр “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг өнөөгийн хүчин чадлаар ашиглахад 60 жил хүрэлцэнэ гэсэн тооцоо гарсныг дуулгасан. Ордын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгааг хийх явцдаа мөн хил хязгаарыг нарийвчлан тогтоосон гэдгийг тэрбээр дурдаад зөвхөн Эрдэнэтийн овоогоор хязгаарлалгүй 60 км-ын радиуст хайгуул хийгдэж буйг тодруулан хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Зэсийн үнэ унаж байна. Тэр хэмжээгээр орлого буурна. Үйлдвэрийн нөхцөл байдал ямар байгаа вэ хэмээн асуусан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Зэсийн үнэ унаж байна. Улсын төсөвт тусгасан үнээс 430 ам.доллараар доогуур байна. Ордоос олборлож буй хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсч байна. Гэсэн хэдий ч ашиг орлогоо бууруулахгүй байхын төлөө ажиллаж, өртөг зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Эхний найман сарын гүйцэтгэлээр өртөг зардлыг хоёр хувиар буюу 30-аар тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн хугацаанд 680 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ. Өнгөрсөн онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. Сахилга дэг журмыг өндөр байлгаж, бүхий л түвшинд хэмнэлтийн бодлогыг баримтлаж ажиллаж байна гэсэн хариулт өгсөн юм.
Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.