Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ.
Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ.
Урамшуулалд улсын төсвөөс нэмэгдэл зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны холбогдох албан тушаалтнуудад хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэн батлах бэлтгэлийг хангах үүрэг даалгавар өгөв.
Их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой авлигын хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэл учруулдаг тул “Шүгэл үлээгчийн тухай” болон гэрчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр илэрхийлэв.
Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргаж буй санал, дүгнэлтэд үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.