Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь
Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзориг
өнөөдөр (2019.09.16) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн
Вон Юү Чоль тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд ирэх сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх парламентын олон улсын чуулга уулзалтын талаар ярилцаж, санал солилцлоо.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзориг ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох бөгөөд хоёр улсын найрамдалт харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаад парламентын бүлгийн даргын хувьд баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, “Монгол Улсын 30 гаруй мянган иргэн тус улсад урт болон богино хугацаагаар ажиллаж, амьдарч байна. Харин БНСУ-ын 3000 орчим иргэн манай улсад ажиллаж, сурч байна. Түүнчлэн хоёр улсын хооронд өдөр бүр нислэг үйлдэгддэг болсон зэргээс найрамдалт харилцааны хөгжлийг харж болохоор байгаа” гээд цаашид ч хоёр талын ярилцаж, тохирсон хэлэлцээрүүд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Вон Юү Чоль найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзоригт талархал илэрхийлээд 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх парламентын олон улсын чуулга уулзалтын талаар товч мэдээлэл өгөв.
Тэрбээр, “Энэ удаагийн чуулга уулзалтаар байгаль орчны нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, ярилцахаар төлөвлөсөн. Ази, Номхон далайн бүс нутагт 55 орон байдгаас одоогийн байдлаар уг чуулганд 46 орон гишүүнээр элссэн. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх парламентын олон улсын чуулга уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Бүгд Найрамдах Солонгос Улсад болсон 18 дахь удаагийн чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү улсаа төлөөлөн оролцож, "Эдийн засаг ба хүрээлэн буй орчин" сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Ази-Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон” гээд энэ удаагийн чуулганыг амжилттай зохион байгуулахад парламентын бүлгийн даргын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзориг байгаль орчны асуудал тэр дундаа агаарын бохирдлын асуудал манай хоёр улсад төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан чухал сэдэв учраас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
.