Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна.
Г.Занданшатар: Хүнс эрүүл бол хүн эрүүл
Тэрбээр 2019.09.27-ны өдөр Баянхонгор аймгийн “Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдэг брэнд бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.
Энэ жилийн үзэсгэлэнд Баянхонгор аймгийн 19 сумын 85 иргэн, аж ахуйн нэгж оролцов.
Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь хүнсний хангамж, үндэсний үйлдвэрлэлийн гол тулгуур бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох чухал салбар юм. Энэ утгаараа тус аймаг энэ оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлажээ.
Газар тариалангийн салбарт манай улсын ДНБ-ий 19 хувь, нийт ажиллах хүчний 30 хувь төвлөрч байна. Монгол Улсын Их Хурлаас сүүлийн жилүүүдэд хүнс, хөнгөн үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч байгаа юм. Аймгийн хэмжээнд 2017 онд төмс, хүнсний ногоо, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 57 орчим сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, 30 өрхөд газар олгож, гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байгааг аймгийн Засаг дарга хэллээ.
2018 онд мөн 30 өрхийг жимс, жимсгэнэ тариалах хөтөлбөрт хамруулсан байна. Түүнчлэн тариалан эрхлэгчдийн цахилгаан, эрчим хүчний шугамын асуудлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлж, “Баян-Өндөр Эрчим хүч” компанитай хамтран Бумбатын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тариалан эрхлэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй тоног төхөөрөмжөөр хангах, орчин үеийн стандартад нийцэх хүлэмжтэй болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогоо шинэчилсний дүнд дотоодын төмс, хүнсний ногоо, улаан буудайн хэрэгцээгээ бүрэн хангаж чадах хэмжээнд хүрсэн байна. Энэ бол Та бүхний хүч хөдөлмөрийн үр шим юм. Төрөөс цаашид хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлага байна. Хүн амын эрүүл мэнд, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангахад эрүүл хүнсээр ард иргэдээ хангах асуудал хамгийн чухалд тооцогдож байна. Ийм учраас тариаланчдаа дэмжих бодлогыг шат шатандаа анхаарах ёстой. Төрөөс татварын хөнгөлөлт, техник тоног төхөөрөмжөөр хангахад тууштай дэмжлэг үзүүлнэ. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Тиймээс иргэд ч дотооддоо тарьж ургуулсан эрүүл хүнсийг хэрэглэж байхыг уриалж байна” гээд нийт тариаланч, үйлдвэрлэл эрхлэгчдэд ургацын баярын болон олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар болон албаны хүмүүс үзэсгэлэнд оролцогчидтой уулзаж, ярилцлаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн нийт сумдын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллөөс гадна Төв, Дархан-Уул, Завхан аймгаас өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон бөгөөд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гар урлал, модон урлал, эмийн ургамал, эсгий урлал, бэлэг дурсгал, хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэсэн байлаа.
Шударга нийгмийн төлөө сэтгэл, зорилго нэгтэй ажиллаж байна гэв
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Өлзийт сумын Ахмадын баярын үйл ажиллагаанд оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.
Өлзийт сумын Ахмадын хороо өнгөрөгч долдугаар сард 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Улсын тэргүүний Ахмадын хороо гэдгээрээ онцлог юм. Тус сум 3900 гаруй хүн амтай, 380 гаруй ахмад настантай бөгөөд 60-аас дээш насны 240 ахмад байдаг байна. Хамгийн ахмад нь энэ жил 105 насыг зооглож буй О.Доржхүү гуай юм. Өлзийт сумын Ахмад хороо 7 бүлэгт хуваагдаж, 14 хоногоор ээлжлэн үйл ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулдаг байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жил нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдад хичээлийн бүрэн хэрэгсэл бэлэглэлээ. Тус суманд энэ жил 6 нас хүрч, сургуулийн босгыг анхлан алхаж буй 53 сурагч байгаа аж. Дашрамд тэмдэглэхэд, УИХ-ын дарга Г.Занданшатар 1977 онд Өлзийт сумын сургуульд нэгдүгээр ангид орж байсан юм.
Ахмадуудтай уулзах үеэрээ тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Баянхонгор аймгийн Өлзийт суманд “Шинэ сумын төв” төслийг Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийгдэж байгааг УИХ-ын дарга тэмдэглээд, энэ бүтээн байгуулалтыг хийхэд иргэн бүрийн идэвх оролцоо чухал болохыг санууллаа.
Мөн тэрбээр, “Шударга ёсыг тогтоож, эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн тулд эрх зүйн шинэ хувьсгал хийх ёстой. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Шударга шүүхийг бий болгох, байгалийн баялагтаа иргэд өөрсдөө эзэн байх, хариуцлагатай парламент, тогтвортой Засгийн газар, өөрийн эрх мэдэл, хөгжлийн бодлоготой орон нутгийн тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээрээ батлуулахаар ажиллаж байгаа. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гээд Монгол төрийн төлөө, монгол хүний төлөө ажил үйлсэд ухамсарт амьдралаа зориулж, ХХ зууны түүхийг өөрсдийн гараар бүтээсэн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор сумын Шаргалжуут багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Иргэд хот тосгоны эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох, байгалийн баялгийг ашиглахдаа ард нийтээсээ асуудаг байх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зохицуулалт оруулж байгааг илүүтэй дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Шаргалжуут 8 дугаар баг нь 1400 орчим хүн амтай, 250 гаруй малчин өрхтэй, сумын хэмжээнд хамгийн олон малчин өрхтэй баг юм. Малжуулах төсөлд 16-34 насны 60 залуу гэр бүлийг хамруулжээ. 2017 онд тус багт улсын төсвийн хөрөнгөөр 75 хүүхдийн цэцэрлэг, 10 ортой хүн эмнэлэг шинээр ашиглалтад орсон. 2020 онд 240 хүүхдийн сургуулийн байрыг барихаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.