Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж дууссантай холбогдуулан өнөөдөр (2019.09.07) Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө.
Төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганаар наймдугаар сарын 09-нөөс есдүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нэг сар гаруйн хугацаанд хийсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцох бүрэн эрхтэй боллоо
- УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэж байгаа. УИХ нэлээдгүй ачаалалтай ажиллалаа. Хоёр дахь хэлэлцүүлгийн онцлог нь УИХ-ын гишүүдийн ирц өндөр байдаг. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүний саналаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй саналыг УИХ-д оруулсан. Үүнээс 34 зүйл нь хоёр дахь хэлэлцүүлгээс дэмжигдсэн байна. Хуулийн дагуу өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Монгол Улс 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх удаа улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах Ард нийтийн санал асуулга явуулж байсан. Одоо явуулах санал асуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ард нийтийн санал авах тухай хуулийн дагуу иргэд сонгогчид саналаа өгөх бүрэн эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа батлах нь.
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж батална. Журмын тухай хуулиар ирэх долоо хоногт чуулган үргэлжилж, УИХ ард нийтээр хэлэлцүүлэх хуулийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой. Мөн 57 гишүүний ирцтэйгээр хэлэлцэнэ. Үүний дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх хэдэн асуудлаа дуусгаад ээлжит бус чуулганаа түр завсарлуулна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татна
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүнд шалгууртай, хүнд асуудал байдаг юм байна. УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс найман заалт огт хөндөгдөөгүй. Бусдыг нь хэлэлцэхээр болсон.
Гол өөрчлөлтүүдээс дурдвал, Ерөнхийлөгчөөс Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулах саналыг УИХ-д ирүүлсэн. Уг саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн нь Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол анх удаа бүрэн баталгаажиж байгаа нь томоохон өөрчлөлтийн нэг юм. Мөн Монгол Улсын иргэн бүр төр шиг төр, парламенттай, улс орон нь хөгжсөн, шударга шүүхтэй болохыг хүсэж байгаа. Үүнтэй холбоотой заалтуудыг УИХ-ын гишүүд оруулж ирсэн. Байгалийн баялагтай холбоотой заалтад өөрчлөлтөд орсон. Хэдхэн хүн байгалийн баялгийг захиран зарцуулдаг, ард түмэнд олгохгүй гэдэг асуудал яригддаг. Тэгвэл энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялаг ард түмний өмч байх талдаа шилжиж байна. Байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэсэн томьёолол орж ирсэн. Үүнийг олон янзаар тайлбарлаж байна. Энэ төрийн нийтийн өмчийг захиран зарцуулахдаа заавал ард түмнээсээ асууж шийдвэрлэх, олон нийтийн оролцоог хангах үүднээс Үндсэн хуулиараа хуульчилж өгч байна. Түүнчлэн Монгол Улсын хар хайрцгийн бодлого гэж ярьдаг. Урт хугацааны хөгжлийн бодлогын асуудал Үндсэн хуульд орхигдсон байсан. Тэгвэл урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоод аль ч нам, эвсэл эрх барьсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлээд явах заалтыг тусгалаа. Нутгийн удирдлагатай холбоотой, хөдөөд төвлөрлийг аваачих заалт мөн сууж байгаа. Тухайлбал, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох, төсвийн бие даасан асуудлыг шийдэх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэж өглөө. Мөн 1992 оны Үндсэн хуульд тусгасан ч хэрэгжихгүй байсан Дархан, Эрдэнэтийг хот болгох, 21 аймгийг хот болгох, зарим тосгоны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2000 оны Үндсэн хуулийн дордуулсан долоо гэх заалтыг засах чиглэлд заалтууд орсон. Ялангуяа УИХ-д хэт их эрх мэдэл төвлөрөх асуудлыг багасгах зорилтууд тодорхой хэмжээгээр биеллээ олж байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүд нь бүгд “давхар дээл”-тэй ажил үүргээ хийж байгаа бол энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 4-өөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад нь гаднаас мэргэшсэн, мэргэжлийн сайд нар байх ёстой гэж тусгасан. Мөн УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах заалтыг тусгаж өгсөн. Цаашлаад цөөхөн гишүүн хууль батлаж байна гэх шүүмжлэл байдаг. Байнгын хорооны 5 гишүүн, чуулган дээр 20 гишүүн суучихаад хууль баталж байна гэдэг байсан бол одоо нийт 39 гишүүнээс дээш санал өгч байж хууль баталж байхаар тусгалаа. Мөн УИХ-д Хянан шалгах түр хороо ажиллуулахаар тусч байна. Гишүүдийн төслийн эрх мэдлийг хязгаарлахаар мөн тусгасан. Засгийн газрын мэдүүлсэн төсвийн төслийг орлого, зарлагын хувьд бүтцийн өөрчлөлт хийж болно. Гэхдээ төсвийн алдагдал, төсвийн зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалт орсон. Шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг ярьдаг. Шүүгчийг хараат бус байлгах, шударга шүүхтэй байх үүднээс ШЕЗ-ийг харьцангуй бие даасан байдлаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа.
Ингээд мэдээллийнхээ төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.