Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуралдааны тойм

Байнгын хорооны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл ажиллахаар боллоо.

Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Г” танхимд болов.

Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Оюунханд, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа, НҮБ-ын Хүн амын сангийн хүн ам, хөгжлийн зөвлөх Ч.Даваасүрэн, хүн ам, хөгжлийн асуудал хариуцсан ажилтан Ө.Эрдэнэчимэг нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл Байнгын хорооны тогтоол болон ажлын дэд хэсгийн гишүүдийн хийх ажлын чиглэлийг танилцуулаад энэхүү хүн амын хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан гишүүдийн саналыг тухайн салбар тус бүрээр нь авч, тэдний санал бодлыг сонсов.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр хүн амын хөгжлийн бодлогын талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн дүгнэх, цогц бодлогын төсөлд тусгагдсан асуудлыг нэгбүрчлэн судлан үзэж, зарчмын болон найруулгын шинжтэй саналын томьёоллыг гаргаж ажлын хэсгийн гишүүдэд танилцуулах, түүнчлэн гишүүдэд энэ талаарх мэдээ, мэдээллийг тусгайлан хүргүүлэхийг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Ажлын хэсгийн хуралдаан 15.10 цагт өндөрлөлөө.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны

байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл