Цэс

Холбоо барих

"ҮЛИЙН ЦАГААН ОГОТНЫ ТАРХАЛТ, ҮР ДАГАВАР, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн С.Ганбаатарын санаачилгаар “Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг тус байнгын хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хамтран зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан төлөөлөгчид 2015 оны 01 сарын 5-11-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур, Их тамир, Өндөр-Улаан, Чулуут сумд, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянговь, Богд сумдад бэлчээрийн нөхцөл байдал, ашиглалт, үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээ, бэлчээр ашиглалтын байдалтай газар дээр нь танилцаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан билээ.

Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллага, МУИС, ОБЕГ зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд болон үлийн цагаан оготны тархалтад хамгийн их нэрвэгдсэн Архангай аймгийн Өгийнуур сум, Завхан аймгийн Баянтэс, Отгон, Цэцэн-Уул сумдын төлөөлөгчид, бэлчээр ашиглагчдын холбооны төлөөлөл оролцсон.

“Ногоон Алт” төсөл 7 аймгийн 126 суманд хэрэгжсэн бөгөөд бэлчээрийн менежментийг сайжруулах, малын ашиг шимийг дээшлүүлэх, малчдын сайн дурын хамтын ажиллагааны үүсгэл санаачилгыг дэмжих чиглэлээр ихээхэн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд төрийн бодлого дэмжлэг шаардагдаж байна.

Үлийн цагаан оготно бол хээрийн бүсийн биогеоценозын системийн дотор түүний  салшгүй нэг гишүүн байгаль дахь бодисын эргэлтэд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг амьтан юм. Гэвч сүүлийн жилүүдэд манай орны  17 аймгийн нутаг дэвсгэрт буюу манай улсын нийт 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 сая га-д нь үлийн цагаан оготно тархсан байна. Ингэж үлийн цагаан оготно хүрээгээ тэлсэнээр бэлчээрийн сөл шимтэй ургамлаар хооллон бэлчээрийн ургамлыг 90% хүртэл сүйтгэж мал аж ахуйд ноцтой хүндрэл учруулах аюултай ажээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд үлийн цагаан оготнын тархалтыг зогсоох, устгах оновчтой арга замуудыг хэлэлцэн үр дүнг сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, холбогдох шийдвэрийн төслийг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлэх, эрх бүхий байгууллагуудад санал зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

Өргөдлийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл