Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.09.08/ хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон 2016 оны төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ.
2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийн хийв
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул байнгын хороогоор хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Дараа нь Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явцад гаргасан саналыг нэмж тусгасан төслийн талаар асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн зарим хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
Үүний дараа 2016 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн зарим хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн хувьд байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийх явцад зарчмын зөрүүтэй санал гаргасан, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг саналуудыг хэлэлцээд дэмжсэн болон дэмжээгүй саналууд юм. Харин зарчмын зөрүүтэй санал гаргаагүй хуулийн төслүүдийг 2016.09.07-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлаад байсан.
Гишүүд хэлэлцэж буй хуулийн төслүүдээс зөвхөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар дахин санал хураах горимын санал гаргасан юм. Байнгын хорооны хуралдаан даргалагчийн зүгээс нэгдсэн хуралдаанаар дэмжигдээгүй уг саналыг “төслийн 4-р зүйлийг төслөөс хасч, 3-р зүйлд 38.3 дахь хэсгийн “тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж тэтгэвэрийн хэмжээ” гэснийг “тэдний цалин хөлсний” гэж өөрчлөлт оруулах гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд дахин оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн байнгын хорооноос санаачлан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналтайгаар нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм.
2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, уг хуулийн өөрчлөлттэй холбогдуулан дагаж өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийсэн.
Тус байнгын хороо 2016.08.25-ны өдрийн хуралдаанаараа төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийг байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Ажлын хэсгээс төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан байнгын хороодоос ирүүлсэн саналууд мөн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх явцад дэмжигдсэн саналуудыг тус тус үндэслэн нэгдсэн тооцооллыг хийж ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудыг бэлтгэсэн байна.
Уг саналуудаар санал хураах явцад байнгын хорооны гишүүд тухай бүрт тодруулга авч байсан бөгөөд ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингээд санал хураалтын дараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
2016 оны Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэг дэх хэлэлцүүлгийг хийх явцад холбогдох байнгын хороодоос ирүүлсэн болон нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэн, ажлын хэсгээс боловсруулсан саналуудаар санал хураалт явуулж хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Ажлын хэсгээс боловсруулсан урсгал зардлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг бууруулах, зохицуулалт хийх зэрэг нийт 60 гаруй саналыг санал тус бүрээр санал хураах явцад байнгын хорооны гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, тухайн асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Ингээд дээрх санал хураалтын талаар байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданд даалгаснаар 2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгасан юм.
Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарим зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг гаргаж, уг саналуудаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал хураалт явуулж шийдвэрлэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.