Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.08/ хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа төслийн талаар танилцуулав. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6.0 их наяд төгрөгт хүрч, 98.7 хувийн биелэлттэй, зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч 94.8 хувийн биелэлттэй гарч, улмаар нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 157 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнагдлаа. Үүнээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцын 129 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 6 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 13 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн нь 152.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 26 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх гүйцэтгэлээс 57.6 тэрбум төгрөгөөр буурсан гүйцэтгэлтэй байна. Урсгал зардалд 138.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 11.1 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 36 хувь буюу 54.3 тэрбум төгрөгийг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, 64 хувь буюу 98.6 тэрбум төгрөгийг Хүнс хөдөө аж ахуйн сайдын багцын зарлага эзэлж байна. Тайлант онд улсын төсвөөс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгожээ. Улсын төсвөөс 127.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоос 8.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.
Монгол Улсын Үндэсний аудитор А.Зангад тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцын тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан юм. Хүнс, хөдөө аж ахуйн төсвийн ерөнхийлөн захирагч 2015 онд улсын төсвөөс 88.3 тэрбум, гадаад эх үүсвэрээс 18.5 тэрбум, гадаад тусламжаас 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогоор 25.5 тэрбум төгрөгийн орлого олж, урсгал зардалд төлөвлөсөн 175.3 тэрбум төгрөгөөс 111.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан талаар санхүүгийн тайландаа тайлагнасан байсныг баталгаажуулжээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нийт 44 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны төсөв 85.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас тодотголоор18.8 тэрбум төгрөг хасагджээ. Ийнхүү 67.1 тэрбум төгрөг болсон нь 54 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. Улсын төсвөөс 49.9 тэрбум, гадаад тусламжаас 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, үйл ажиллагааны орлогоос 4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч ашигласан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батзориг, Х.Болорчулуун, А.Сүхбат нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт, Халх гол төслийн үйл ажиллагаа, газар олголтын байдалд хяналт шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг арилгаж, хариуцлага тооцон үр дүнгийн талаар Байнгын хороонд мэдээлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва мал эрүүлжүүлэх, вакцинжуулах асуудалд малчин, сум, орон нутгийн оролцоо, уялдааг холбоог хангах, хариуцлагын асуудалд онцгой анхаарах талаар сануулав.
Бог мал болон малын арьс шир эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, алдаа дутагдлыг арилгах тал дээр анхаарч ажиллах саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг сануулж хэллээ. Мөн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав цаг агаарын дулаарлаас шалтгаалж гол нууруудад мал олноор ору, ус бохирдуулснаас лаг шавар, намаг үүсэх нөхцөооийг бүрдүүлж байгааг анхаарах, малыг эрүүлжүүлэх, бэрчээрийг үзшй зохистой ашиглах, хөрсний үржил шимийгг сайжруулах асуудлаар оновчтой бодлого явуулах, чөлөөт бүсэд хорио цээрийн асуудлыг хөрш орнуудтай тохиролцож чадвал мал, махны экспортыг хөгжүүлэх боломж байгааг анхаарах нь зүйтэй хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн 2016 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын явцын талаарх танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцууллаа. 2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.
Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас 20.1 мянган га талбай ургац алдаж, болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 21.3 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй болно. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 462.1 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна.
Үүнээс 2017 оны тариалалтад зориулан 45.6 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн, тэжээлд 22.8 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.3 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 375.7 мянган тонн буюу дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний буудай нийлүүлэгдэх урьдчилсан төлөв гарсан болно. Ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдал 93 хувьтай байгаа бөгөөд хураалтад 1076 комбайн, 502 ангилан хадагч, 477 төмс, хүнсний ногоо хураагч 517, үтрэмийн техник, тоног төхөөрөмж ажиллаж цаг агаар тааламжтай байвал ургац хураалтын ажлыг 25-30 хоногт гүйцэтгэх техникийн боломжтой байна.
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 9 дүгээр сарын 04-нөөс эхлэж өнөөдрийн байдлаар нийтдээ 8.2 мянган га-гаас 11.9 мянган тонн үр тариа, 1.4 мянган га-гаас 14.8 мянган тонн төмс, 723 га-гаас 9.3 мянган тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа юм байна.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ургац хураалтын хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээллийг сонссон юм. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, А.Сүхбат, нар асуулт, асууж, санал хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөвхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.