Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.09.08/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 12 цаг 20 минутад эхэллээ.

Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, дээрх тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга А.Зангад нар тус тус танилцуулга хийв. Тус байнгын хороонд харьяалагдах Гадаад харилцааны сайдын 2015 оны төсвийн багцын нийт зарлага 60.546.9 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд үүнээс 58.151.9 сая төгрөгийг улсын төсвөөс, 2.360.0 сая төгрөгийг харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлогоор, 35.0 сая төгрөгийг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Сайдын багцын 2015 оны төсвийн гүйцэтгэлээр нийт 56.972.7 сая төгрөг зарцуулж, батлагдсан төсвийг 9.6 хувиар буюу 3.574.2 сая төгрөгөөр хэмнэсэн байна. Өмнөх оны гүйцэтгэлээс 40 хувиар буюу 2.359.7 сая төгрөгөөр нийт зарлага буурсан байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Батлан хамгаалахын сайдын багцын урсгал зардалд 182.149.8 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 18.296.0 сая төгрөгийн төсөв батлагдсан. 2015 оны тайлангаар сайдын багцын нийт зарлага 200.445.8 сая төгрөгт хүрч, 99.4 хувийн гүйцэтгэлтэй, батлагдсан төсвөөс 1.293.2 сая төгрөгөөр хэмнэгдсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Д.Цогтбаатар, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэхдээ ханшийн асуудлыг бодитой тооцох, энхийг сахиулах үйл ажиллагааны санхүүгийн мэдээлэл, гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийн биелэлт ямар байгаа, тэвчиж болох зардлуудыг хэмнэх зэрэг асуудлыг чухалчилж байсан юм.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын 2015 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл ямар нэгэн зөрчилгүй, санхүүгийн сахилга баттай байсныг байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлээд хэд хэдэн чиглэлд үүрэг өглөө. Тодруулбал, Гадаад харилцааны яам 2016 оны 4 дүгээр улиралд багтаан АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад гарсан зардлын задаргааг, Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний Барилгын цэргийн ангийн ажлын үр дүнг байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов. Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зарцуулалтыг шалгаж, дүгнэлт гаргахыг Үндэсний Аудитын газарт үүрэг болголоо.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл