Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.08/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад нар танилцуулсан юм.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт 29.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 19.7 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан байна. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 3.2 их наяд, авлага 6.2 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, үндсэн хөрөнгө 12.2 их наяд төгрөг байгаа аж. Нийт өглөгийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 3.3 их наяд, гадаад зээлийн өглөг 4.5 их наяд төгрөг байгаа юм байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 34 ерөнхийлөн захирагчийн 815 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан байна.

2015 оны гүйцэтгэлээр Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6 их наяд төгрөгт хүрч 98.7 хувийн биелэлттэй, зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч 94.8 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 156.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 4.99 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангажээ. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 2 их наяд 751.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 2 их наяд 70.3 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 126.4 тэрбум төгрөгийг тус тус төлсөн бол, гадаад төслийн зээлээр 305.9 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн зээлээр 199.2 тэрбум төгрөгийг авч ашигласан байна. Түүнчлэн, Хөгжлийн банкнаас 433.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн байна.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.8 их наяд төгрөгт хүрч, 95.1 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 5.0 их наяд төгрөгт хүрч, 95.8 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн орлогын тасалдал нь нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлд голлох нөлөөг үзүүлсэн бөгөөд орлогын дутагдалд дотоодын эдийн засгийн идэвхигүй байдал, эрдэс бүтээгдэхүүний үнэ болон импортын бууралт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал нийт импортын хэмжээ 3 тэрбум 797.2 сая ам.долларт хүрч өмнөх оноос 1 тэрбум 439.4 сая ам.доллараар буурсан, зэсийн тэнцвэржүүлсэн үнэ төлөвлөснөөс 844 ам.доллараар бага буюу 5,510.5 ам.доллар, баяжуулсан нүүрсний үнэ төлөвлөснөөс 21 ам.доллараар бага буюу 61.6 ам.долларт хүрч буурсан зэрэг нөхцөл байдлууд үүссэн байна. Түүнчлэн хувьчлахаар төлөвлөсөн төрийн өмчийг хувьчилж чадаагүйтэй холбоотой Төрийн өмчийн хорооны төвлөрүүлэх орлого тасалдсан, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 30.1 тэрбум төгрөг, донор, хандивлагч орнуудаас орохоор тооцсон тусламжийн орлого 9.3 тэрбум төгрөг, Өмнөговь аймгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого 8.7 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс дутуу биелэсэн зэрэг нөлөөллүүд гарсан байна.

Улсын төсвийн зарлага 4 их наяд 996.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 221.6 тэрбум төгрөг, өмнөх оны гүйцэтгэлээс 232.3 тэрбум төгрөгөөр тус тус бага гарсан байна. Нийт зарлагын 20.5 хувь буюу 1 их наяд 22.7 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 13.3 хувь буюу 663.7 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад 246.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 111.1 тэрбум төгрөгөөр бага, харин гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд 246.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 66.1 тэрбум төгрөгөөр илүү гүйцэтгэлтэй гарсан байна.

Хэлэлцүүлэгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Үндэсний аудитын газраас төсвийн асуудлыг хариуцаж байгаа байгууллагууд ямар алдаа дутагдал гаргасан талаар тодорхой дүгнэлттэй танилцуулж, хариуцлага тооцох саналыг хамтад нь оруулж ирж байх, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2015 оны төсвийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг тодорхой үр дүнтэй ажил хэрэгч болгох, зөрчлийг арилгахад анхаарч цаашид ямар бодлого, чиглэл хэрэгтэй байгаа талаар холбогдох Байнгын хороодоос шийдэл гаргаж байх, 2012 оноос хойшхи хугацаанд Улсын комиссын хүлээж авсан боловч ашиглалтанд орохгүй байгаа төсөл, арга хэмжээнүүдийг салбар, салбараар гарган танилцуулах, Үндэсний аудитын газар 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ замбараагүй байгуулсан концессын гэрээнүүдийг цэгцэлж, хэрэгжилтийг нэг бүрчлэн гаргаж, аудитын дүгнэлттэйгээ хамтатган танилцуулах, төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн зарцуулалт, санхүүжилтэд тавих хяналтыг боловсруулах шатанд эрчимжүүлж, уг асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх гэсэн саналыг гаргасан.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 2015 оны төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж хангалтгүй байгааг дурьдаад төсвийн тухай хуулийг зөрчсөн, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчдийг нэг бүрчлэн тогтоож, хариуцлага алдсан байгууллага, албан тушаалтны жагсаалтыг гарган хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй хэмээсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газрын тайланд туссан зөвлөмж, санал дүгнэлтүүдийг төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлаас гаргах тогтоолд Засгийн газар болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болгосон заалт болгож тусгаж байх, төсвийн зарцуулалтын явц байдал, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт зэрэг төрийн хяналт, түүний дотор парламентын хяналтыг чиглүүлбэл зохих асуудлын хэрэгжилтэд Үндэсний аудитын газраар гүйцэтгэлийн аудит хийлгэж, дүнг нь холбогдох Байнгын хороо, шаардлагатай бол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний талаар тогтоол шийдвэр гаргадаг журамд шилжих, ийм журмыг мөн Засгийн газар, яамдуудад хэрэгжүүлэх, өмнөх онуудын Үндэсний аудитын газрын аудитын тайлангуудад Засгийн газар болон Төсвийн ерөнхийлөн захирагчдад өгсөн зөвлөмж, дүгнэлтүүдийн хэрэгжилтийг Үндэсний аудитын газраас нэгтгэн гаргаж Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах, дээр дурьдсан саналуудыг Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах тогтоолын төсөлд тусгах зэрэг саналуудыг гаргасан юм.

Дараа нь “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл