Цэс

Холбоо барих

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.07/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Танилцуулгын эхэнд Сангийн сайд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэн УИХ-д танилцуулж байгааг онцолсон.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулснаар, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт 29.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 19.7 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагджээ. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 3.2 их наяд, авлага 6.2 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, үндсэн хөрөнгө 12.2 их наяд төгрөг байгаа аж. Нийт өглөгийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 3.3 их наяд, гадаад зээлийн өглөг 4.5 их наяд төгрөг байгаа юм байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 34 ерөнхийлөн захирагчийн 815 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагджээ.

2015 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6 их наяд төгрөгт хүрч 98.7 хувийн биелэлттэй, зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч 94.8 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 156.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 4.99 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байна. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 2 их наяд 751.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 2 их наяд 70.3 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 126.4 тэрбум төгрөгийг тус тус төлсөн бол, гадаад төслийн зээлээр 305.9 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн зээлээр 199.2 тэрбум төгрөгийг авч ашигласан байна. Түүнчлэн, Хөгжлийн банкнаас 433.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлжээ.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.8 их наяд төгрөгт хүрч, 95.1 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 5.0 их наяд төгрөгт хүрч, 95.8 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн орлогын тасалдал нь нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлд голлох нөлөөг үзүүлсэн бөгөөд орлогын дутагдалд дотоодын эдийн засгийн идэвхигүй байдал, эрдэс бүтээгдэхүүний үнэ болон импортын бууралт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал нийт импортын хэмжээ 3 тэрбум 797.2 сая ам.долларт хүрч өмнөх оноос 1 тэрбум 439.4 сая ам.доллараар буурсан, зэсийн тэнцвэржүүлсэн үнэ төлөвлөснөөс 844 ам.доллараар бага буюу 5,510.5 ам.доллар, баяжуулсан нүүрсний үнэ төлөвлөснөөс 21 ам.доллараар бага буюу 61.6 ам.долларт хүрч буурсан зэрэг нөхцөл байдлууд үүссэн байна. Түүнчлэн хувьчлахаар төлөвлөсөн төрийн өмчийг хувьчилж чадаагүйтэй холбоотой Төрийн өмчийн хорооны төвлөрүүлэх орлого тасалдсан, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 30.1 тэрбум төгрөг, донор, хандивлагч орнуудаас орохоор тооцсон тусламжийн орлого 9.3 тэрбум төгрөг, Өмнөговь аймгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого 8.7 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс дутуу биелэсэн зэрэг нөлөөллүүд гарчээ.

Улсын төсвийн зарлага 4 их наяд 996.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 221.6 тэрбум төгрөг, өмнөх оны гүйцэтгэлээс 232.3 тэрбум төгрөгөөр тус тус бага гарсан байна. Нийт зарлагын 20.5 хувь буюу 1 их наяд 22.7 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 13.3 хувь буюу 663.7 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад 246.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 111.1 тэрбум төгрөгөөр бага, харин гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд 246.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 66.1 тэрбум төгрөгөөр илүү гүйцэтгэлтэй гарсан байна.

Орон нутгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2 их наяд 33.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 2.9 хувь буюу 39 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн нийт зарлага 2 их наяд 79.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.3 хувь буюу 238.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн нийт зарлага, санхүүжилтийн 79.2 хувь буюу 1 их наяд 647.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд, үүнээс цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн зардалд 1 их наяд 55.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Орон нутгийн 2015 оны төсвийн тэнцэл 45.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн гүйцэтгэлээр 356.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 423 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 118.5 хувийн биелэлттэй гарсан. Энэ нь тус санд оны эцсээр Эрдэнэт үйлдвэрээс 49 тэрбум төгрөг, Оюутолгой ХХК-с 28 тэрбум төгрөгийг АМНАТ-ын орлого төвлөрсөнтэй холбоотой байна.

Хүний хөгжил сан 2015 оны төсвийн жилд төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 12 тэрбум төгрөг, Засгийн газрын үнэт цаас болон урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардал 67.3 тэрбум төгрөг, хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт нийт 225.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тэнцэл 114.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2015 оны орлогыг 1 их наяд 544.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 480.5 тэрбум төгрөг төвлөрч, 96 хувийн биелэлттэй гарсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлогуудаас нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн төлбөрт 1 их наяд 187.9 тэрбум төгрөг төвлөрч 97 хувийн, улсын төсвөөс авсан татаас 292.6 тэрбум төгрөгт хүрч 91 хувийн биелэлттэй гарсан байна.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 2015 онд 1 их наяд 541.5 тэрбум төгрөгт хүрч, нийт төлөвлөгөөний 99.7 хувьтай тэнцсэн байна. Ингэснээр тус сангийн 2015 оны төсвийн тэнцэл 61 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Түүнчлэн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга А.Зангад танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэнээр төслийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын дэд хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 08 дугаар сарын 03 тоот тогтоолоор төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэгт УИХ-ын нэр бүхий 7 гишүүн, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэгт Байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох мэргэжлийн хүмүүс ажиллажээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, аймаг, орон нутагт хэрэгжүүлэхээр тусгагдсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 105 ажил болон зарим хэрэгжүүлэх бололцоотой төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх саналыг оруулсан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Байнгын хорооны дээрх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Мөн хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн нэрийн “... хуульд өөрчлөлт оруулах ...” гэснийг “хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох” гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Байнгын хороогоор дэмжигдсэн санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг мөн авсан бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хоёр хуулийг баталж, долоон хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа

Энэ өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийг Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийжээ. УИХ-ын холбогдох Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн аж.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад татвар, төлбөр, хураамж нэмэгдүүлэхээр тусгасан хуулийн төслүүд болох Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй, хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн саналыг Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулахад Төсвийн байнгын хорооноос танилцуулсан саналууд дэмжигдсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл