Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 33 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 33 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нийтэллээ.

Дээрх хуулиудаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Зөрчлийн тухай, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ. Түүнчлэн Засгийн газраас Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгож өөрчилсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурал эцсийн найруулгатай танилцах, ёсчлох, Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээх, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй тул Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хууль санаачлагчид нь буцаасан байна.

Түүнчлэн энэ удаагийн дугаарт Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийн тухай, Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай, Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэллээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл