Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр /2016.09.08/ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар гарын үсэг зурлаа.
Мөн "Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газрын дарга Марк Боск нар тус тус гарын үсэг зурлаа.
Энэхүү ёслолын ажиллагааны дараа УИХ-ын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэвлэл, мэдээлллийнхэнд зориулж мэдээлэл хийсэн юм.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган хэлсэн үгэндээ, “Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга, Эрхэм хүндэт Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүд болон зочид оо. Та бүхний элэгсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлье. Энэхүү айлчлал хийж байгаадаа төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой бичиг баримтад гарын үсэг зурж буйдаа туйлын баяртай байна. Канад Улсын Парламент өнгөрсөн оны 10 дугаар сард сонгогдон томилогдсон бөгөөд мөн Монгол Улсын шинэхэн томилогдсон Улсын Их Хуралд гадаад улсаас анх удаа хийж буй айлчлалын эзэн болж байгаадаа маш их баяртай байна. Монгол Улс, Канад Улсын хамтын ажиллагаа 40 гаруй жилийн турш хөгжин тэлж байна. Манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа байгалийн баялгийн олборолт, ашиглалт болон ард түмний амьдралыг сайжруулахад шууд нөлөөлөхүйц салбар болох боловсрол, шинжлэх ухааны чиглэлд үргэлжлжн хөгжинэ гэдэгт найдаж байна. Эдийн засаг болон нийгмийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хоёр талын парламентын харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ.” гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Канад Улсын парламенты Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Монгол, Канадын хооронд дээд өндөр түвшинд харилцан айлчлал хийж ирсэн уламжлал тогтсон бөгөөд энэ удаа Канадын Нийтийн танхимын дарга айлчлан ирж байгаад баяртай байна. Канадын Парламентын дарга 10 жилийн дараа Монгол Улсад дахин айлчилж байгаа, мөн энэ удаа манай шинээр сонгогдсон Улсын Их Хурал, Засгийн газрын анхны гадаадын өндөр түвшний зочин болж байгааг онцолмоор байна.
Эрхэмсэг ноён Жиофф Рэган бид хоёр албан ёсны хэлэлцээ хийлээ. Бидний яриа нөхөрсөг, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Бид Монгол, Канадын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааныхаа хүрсэн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Харилцааг улам өргөжүүлж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх талаар санал солилцов.
Канад Улс бол Монгол Улстай олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай улс бөгөөд Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь чухал түнш орон, томоохон хөрөнгө оруулагч юм.
Сая гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг цаг үеэ олсон арга хэмжээ гэж бодож байна. Уг хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгаа эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч байгаа цаг үед байгуулагдаж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Канадын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдыг татаад зогсохгүй тэдний итгэлийг сэргээх, улмаар Монголын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой болоход чухлаар нөлөөлнө гэж үзэж байна.
Канадын Парламентын даргын энэ удаагийн айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Саяхан Улсын Их Хуралд Монгол, Канадын парламентын бүлэг байгуулагдсан. Өнөөдөр хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр парламентын Тамгын газрын дарга нар гарын үсэг зурлаа. Ингэснээр олон жилийн түүхтэй Канад Улсын парламентын туршлагаас суралцах, туршлага солилцох боломж улам бүр нэмэгдэж байгаа юм” гэлээ.
Мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд бараалхав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.