Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар өнөөдөр /2016.09.08/ хэлэлцээ хийлээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга ноён Жиофф Рэганыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд шинэ парламентын анхны хүндэт зочид нь Та бүхэн болж байгааг дуулгахад таатай байна” гэв. Энэ удаагийн Улсын Их Хуралд хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон, үүнд Канад Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Улсын Их Хурлын сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төсөл тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна гэлээ. Ноён Жиофф Рэганы энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэллээ.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүнд байгаа хэдий ч иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаар Монгол Улсын төр засгаас онцгой анхааран ажиллаж байгааг тэрбээр дурдаад “Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй хэмээн үзэж, бид хөрш орнууд болон бусад улсын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамгаалах талаар онцгой анхаарал хандуулан ажиллах болно. Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангах нь монгол төрийн үүрэг юм. Энэ чиглэлээр Засгийн газар тодорхой арга хэмжээнүүд авч эхэлж байгаа” хэмээлээ. Түүнчлэн айлчлалын хүрээнд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж байгаа нь ихээхэн дэмжлэг болно хэмээн үзэж байна гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л түвшинд өргөжин хөгжиж байдагт сэтгэл хангалуун байдгаа тэмдэглээд, Монгол Улс, Канад Улсын харилцааг цаашид Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган, Монгол Улсын шинэ парламентын анхны зочид болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түвшинг бататган, шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа дурдаж “Канад Улс, Монгол Улс нь хүчирхэг хөрш орнуудтай, эдийн засаг нь дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд өртсөн, хөгжиж буй ардчилалтай зэрэг олон талаараа адил төстэй. Миний хувьд Монгол Улсын ардчиллын хөгжлийг дэмжих нь чухал ач холбогдолтой хэмээн үздэг бөгөөд энэ дэмжлэг нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бататган, солонгоруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн тэрбээр Канад Улс, Монгол Улсын харилцааг цаашид Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх саналыг Канад Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжлахдаа таатай байна. Монгол Улсын төр засгаас хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлогыг дэмжиж байна гэлээ.
Үргэлжлүүлэн талууд хоёр улсын харилцаа, уул уурхай, бизнес, боловсрол, шинжлэх ухааны салбар болон парламентын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Хоёр орны парламентын тэргүүнүүдийг хэлэлцээ хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дэд дарга О.Баасанхүү, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Канад Улсын парламентын Нийтийн танхимын гишүүн Жинетт Пэтипа Тэйлор, Карол Хьюс, Дайан Воттс, Парламентын Нийтийн танхимын Тамгын газрын дарга болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.