Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.08.26/ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсын парламентын танхимуудын дарга нарын мэндчилгээг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилсан болохыг дуулгав. Ноён Элчин сайд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын орлогч даргын мэндчилгээг биечлэн хүргэж ирсэн гэлээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, эрхэм хүндэт Элчин сайд Искандер Кубаровичтай уулзаж буйдаа баяртай байна гээд Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Оросын Холбооны Улсын Төрийн Дум, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн удирдлагуудын мэндчилгээг хүлээн авсан болохоо хэлэв. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев өнгөрсөн 07 дугаар сард манай улсад айлчлах үеэр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх тодорхой асуудлуудыг авч хэлэлцсэн болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, уг уулзалтыг зохион байгуулахад Элчин сайдын оруулсан хувь нэмэр чухал үүрэгтэй байсныг дурдан талархал илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа хамтын ажиллагаа, Байгаль нуурын яриа хэлэлцээр болон Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар харилцан ярилцав. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дарга Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.