Цэс

Холбоо барих

Экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.25/ хуралдаан 15 цаг 35 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 АН-ын бүлэг завсарлага авав

Энэ удаагийн хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан төсөл санаачлагчаас тодруулах зүйлс байгаа тул ажлын 5 хоногийн завсарлага хүссэн юм. Тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, дээрх хуулиуд яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн тул дэгийн хуулинд заасны дагуу ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл завсарлага өгч байна гээд дээрх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан.

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Үүний дараа Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлээд байгаа аж.

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй байгаа юм байна.

Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой. Мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан тул дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, жилд хэдэн төгрөгийн татвар төлөх тооцоотой байгаа тухай асуусан бол Ж.Энхбаяр, Х.Бадельхан нарийн гишүүд хоёр орны Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээрийн нөхцлийн талаар сонирхож байсан. Харин О.Батнасан гишүүн, хуулийн төсөлд зааснаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг 100 хувь чөлөөлөх бус тодорхой хувиар чөлөөлөх боломжийн талаар судлахыг санал болгосон юм. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлөхөөр санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу гишүүдийн 71.4 хувь нь дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Өнгөрсөн 4 жилийн байдлаар малын гаралтай түүхий эдийн экспорт нийт экспортын 6-7 хувийг эзэлж байсан бөгөөд жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортлосон байна. Үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлж байна. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор импотлогч орноос экспортлогч орон болох бодлогыг хэрэгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлыг татварын бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх ба үүгээр малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлж байгаа юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа гэдгийн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Төсөл батлагдвал 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нарын гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Ингээд байнгын хорооны гишүүд Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтсон.

Түүнчлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл