Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболдын УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг

2016 оны 08 сарын 25-ны өдөр

Эрхэм хүндэт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хийхээр товлон, энэхүү ээлжит бус чуулганы хуралдааны ажиллагааг эхлүүлж байна. Цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр бид бүхэн хуран цугларлаа.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2015 оны Санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон нэн шаардлагатай гэсэн бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, эдийн засгийн өсөлт оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, төгрөгийн ханш тасралтгүй суларч, хүн амын худалдан авах чадвар буурсаар байна. Нэгдсэн төсвийн орлого сүүлийн жилүүдэд 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой. 2016 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Бодит байдал дээр улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээллээс амархан дүгнэж болохоор байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурлаа. 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо жил дараалан буурсаар 2016 оны эхний 6 сарын байдлаар 35 сая ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаныг харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагуудын зүгээс зарим гадаадын хөрөнгө оруулагчдад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, цагдан хорих, Монгол Улсаас гадагш зорчихыг хориглох зэрэг шат дараалал бүхий арга хэмжээг авах болсон нь хөрөнгө оруулагч нар хөрөнгөө эргүүлэн татах, Монгол Улсыг баталгаатай хөрөнгө оруулагч биш гэж үзэх хандлагыг бий болгосон байна.

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх ашиг, Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Монгол төрийн олон улсын тавцанд хүлээсэн үүрэг гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Мүүдис, Стандарт энд пүүрс, Фитч Рэйтинг зэрэг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн жилүүдэд бууруулсаар байгаа нь нууц биш болсон. Швейцарьт төвтэй Менежментийн Хөгжлийн Олон улсын институтээс гаргадаг дэлхийн өрсөлдөх чадварын энэ жилийн судалгааны тайланд дэлхийн янз бүрийн 61 улс орныг эдийн засгийн 340 орчим шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад Монгол Улс:

-Макро эдийн засгийн үзүүлэлтээр-59

-Төрөөс өрсөлдөөнийг дэмждэг байдлаар-55

-Хувийн салбар хэр үр ашигтай байгаагаар-58

-Хувийн салбарын хэрэгцээ шаардлагыг боловсон хүчин, шинжлэх ухаан технологийн нөөцөөр хангаж байгаа байдлаар-60 дугаар байранд орсон байна.

Нийт үзүүлэлтээр 2015 оны байдлаар судалгаанд хамрагдсан 61 улсаас Монгол Улс 57-р байранд байсан бол 2016 онд 60-р байранд оржээ. Харин манай улсын иргэд өндөр боловсролтой, нээлттэй эерэг хандлагатай, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөөний зардал багатай зэрэг давуу талуудыг уг тайланд бас тусгажээ.

Нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихлээ. Бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрчээ. Харин тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.

Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.

Нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй. Төсвийн алдагдлыг бууруулах, хуульд заасан тусгай шаардлагыг ханган биелүүлэхтэй холбогдон 2016 оны төсөвт цаг алдалгүй тодотгол хийх шаардлага бий болж байгаа юм. Түүнчлэн, 2017 оны төсвийн төслийг боловсруулах бодлогын суурь баримт бичиг болох 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл зэрэг хуульд заасан боловч өмнөх Улсын Их Хурлаар хэлэлцэлгүй орхисон асуудлыг ээлжит бус чуулганаар нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг ирэх 10 дугаар сард зарлан хуралдуулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн боловч орон нутгийн сонгуулийг амжилттай зохион явуулахад шаардлагатай төсвийг батлах, техник хэрэгсэл хэрэглэн сонгууль явуулах шийдвэрийг энэ ээлжит бус чуулганаар мөн гаргах зайлшгүй шаардлагатай болжээ. Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ой энэ 9 дүгээр сард тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Ю.Цэдэнбал агсаны түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг бодитойгоор авч үзэх, түүхэн тодорхой цаг үед гарсан гажуудлыг засаж, залруулах нь төрийн өөрийн журамт үүрэг мөн билээ.

Улсын Их Хурал 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаандаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг батлан гаргасан. Гэвч эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй, байгууллагын чадавхийг бэхжүүлэх, дүрэм журмыг батлан гаргах, холбогдох байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд тодорхой хугацаа шаардагдаж байх тул Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах асуудлыг яаралтай хэлэлцэх талаар Засгийн газар санал ирүүлснийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэх хуульд заасан хугацаа нь хэтэрсэн, түүнчлэн хуулийн хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс батлан хамгаалахын бодлогод нийцүүлэн өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг шинэчлэх зарим хуулийг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

        Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн баталж, тавьсан зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.

        Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл