Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.08.25/ Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээг Хөгжүүлэх Холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын Эрчим хүчний холбооны Ерөнхийлөгч ноён Лиу Зен Я тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах асуудлаар уулзаж, санал солилцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Монгол Улс эрчим хүчний нөөц боломж ихтэй. Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагаанд дэд бүтцийн салбар чухал байр суурь эзэлдэг. Өмнөх жилүүдэд томоохон олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоо байсан боловч санхүү, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлуудаас улбаалан хэрэгжээгүй. Хятад, Монгол, Орос гурван улсын дэд бүтцийг холбосон хөгжлийн зам байгуулах асуудлаар ярилцаж байна. Автозам, агаарын зам, төмөр зам, эрчим хүч, хий шингэн түлш дамжуулах хоолой гэсэн таван чиглэлд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах тал дээр анхаарч байна. Харилцан ойлголцож, нэг байр суурьт хүрч чадвал чухал ач холбогдолтой болно” хэмээн онцлоод 06 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгуулсан учраас ирэх дөрвөн жилд улс төр тогтвортой, нийгэм, эдийн засгийн нэгдсэн бодлого хэрэгжихийг тэмдэглэн хэлэв.
Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээг Хөгжүүлэх Холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын Эрчим хүчний холбооны Ерөнхийлөгч ноён Лиу Зен Я Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр БНХАУ-ын гаргасан “Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”-г байгуулах санаачилга, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах төлөвлөгөө, эрчим хүчний экспортын Шивээ-Овоо төслийн талаар Улсын Их Хурлын даргад мэдээлэл өглөө.
Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээг Хөгжүүлэх Холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын Эрчим хүчний холбооны Ерөнхийлөгч ноён Лиу Зен Я хэлэхдээ, “БНХАУ, БНСУ, Япон улсын эрчим хүчний хэрэглээ Азийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээний 65 орчим хувийг эзэлдэг бөгөөд 2030 он гэхэд БНХАУ-ын хэрэглээ 9 ихнаяд кВ, БНСУ-ын хэрэглээ 12 ихнаяд кВ, Япон улсынх 0.7 ихнаяд кВ-аар тус тус өгөх хандлагатай байна. Энэ бол том зах зээл учраас өрсөлдөх чадвар бүхий эрчим хүчний сүлжээг нэвтрүүлэх нь чухал байна” хэмээгээд хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй Шивээ-Овоогийн эрчим хүчний экспортын төсөл хоёр орны эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлж, Зүүн хойд Азийн эрчим хүчний зах зээлд өрсөлдөх боломж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр, Монгол Улс бол Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ өндөртэй улс орнуудтай газар зүйн байршлын хувьд хамгийн ойр байгаа нь тус бүсийн орнуудыг хамарсан эрчим хүчний дэд бүтцийн холболтод нэгдэж, эрчим хүчний сэргээгдэх болон үл сэргээгдэх нөөцийг ашиглан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дурдав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.