Цэс

Холбоо барих

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаан 10 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийсэн юм.

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалахад чиглэгджээ. Энэхүү агаарын дундаж температурын өсөлтийг бууруулах урт хугацааны зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмхий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэхийг уриалсан байна.

Конвенцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн одоогийн байдлаар дээрх санд нийт 10 тэрбум ам доллар төвлөрөөд байгаа бөгөөд холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг 2016 оноос эхлэн хүлээн авч эхлээд байгаа юм байна.

Иймд газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү баримт бичигт алдалгүй нэгдэн орж санхүүгийн болон санхүүгийн болон технологийн дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай байгаа тул энэхүү хуулийн төслийг өргөн барьжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн, байгалийн нөөц баялгийг зөв зүйтэй ашиглах, хуваарилах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн байгаль орчныг хамгаалах асуудалтай хамтад нь хэлэлцүүлж байх, Н.Оюундарь гишүүн, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нь тодорхой боловч энэ талаар нарийвчилсан судалгаа хомс байна. Иймд шинжлэх ухааны судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, холбогдох олон улсын сангуудаас тусламж авах, төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх замаар эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсдаа батлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд танин мэдүүлэх сургалт сурталчилгааны ажлыг идэвхижүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах зэрэг саналуудыг хэлж байсан.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улс нь дэлхийн усны хагалбар газар боловч гол мөрний бохирдол асар их хэмжээнд байна. Энэ нь голын эхэнд уул уурхайн олборлолт явуулж байгаатай шууд холбоотой. Иймээс ирээдүйд тухайлбал 10 жилийн дараа Монгол Улсын цаг уур, бэлчээрийн даац, малын тоо толгой, хүн амын шилжин суурьшилт, ундны усны хангамж, голын ай сав, ойн сан газар, уул уурхайн олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт болон орчны доройтол зэрэг олон тулгамдсан асуудлууд ямар түвшинд байх, тэдгээрийг хэр хэмжээнд барих, ямар ажлууд хийх талаар судалгаа тооцооллыг сайтар хийх, энэхүү конвенцид нэгдэн орох нь холбогдох чиглэлийн бусад яамдаа нэгтгэн бодлогоор удирдах, хамтран ажиллуулах боломжийг бий болгож байгааг зөв, оновчтой ашиглах зэрэг саналуудыг гаргасан.

Ингээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын танилцуулгыг сонсов.

Хөтөлбөр 5 бүлэг 381 заалттай бөгөөд хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар хөтөлбөрийн төслийн 2.118 дахь заалтыг 5.6.2 болгон “дэд бүтцийн” гэсний өмнө “эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд” гэж нэмэх, мөн төслийн 5.6.1 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийг 5.6.3 дахь заалт болгох, 5.6.3 дахь заалтын БНСУ гэсний дараа БНТУ /Турк/ гэж нэмэх зэрэг саналуудыг гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсаны дараа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл