Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тогтоолын төслийг танилцууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурлан, Засгийн газрын гишүүдийн гаргасан санал, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, олон нийтийн зүгээс ирүүлсэн саналуудыг тусгасан байна.
5 бүлэг бүхий Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн бодлогын хүрээнд гэр бүлийг дэмжин тэтгэх, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулахаар тусгасан байна. Эрүүл мэндийн салбарын хүрээнд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлогоо, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх эдийн засгийн тооцооллыг бий болгож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагад төлөвшүүлж нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчилгээг эрс сайжруулах халдварт бус өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгохоор тусгажээ.
Мөн боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инновацийн хөгжил, соёл урлаг, спортын салбарын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, С.Чинзориг, Д.Гантулга, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. 2016-2020 онд Засгийн газраас хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, оюутнуудын талаар ямар бодлого баримтлаж, ямар хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болд тодруулав.
Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ахмад настнуудын сонирхолыг харгалзан хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлага байгааг онцлов. Мөн 0-3 насны хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой хэмжээний цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлдөг олон улсын жишиг бий. Эдгээрийн талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан болохыг хэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, “Боловсролын зээлийн сан” шинээр байгуулж, оюутан, суралцагчид үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан болохыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаар тодруулсан асуултад салбарын сайд хариулт өгч, сургалтын чанарыг дүгнэх нэгдсэн систем аргачлалтай болох талаарх асуултад Ж.Батсуурь сайд “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой заалт болон орсон” хэмээн хариулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Л.Болд, Д.Гантулга, С.Чинзориг, С.Жавхлан, Ё.Баатарбилэг, Ө.Энхтүвшин нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.