Цэс

Холбоо барих

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БОЛОН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС, НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛС, ЛЮКСЕМБУРГИЙН ВАНТ УЛС, КУВЕЙТ УЛСТАЙ ТУС ТУС БАЙГУУЛСАН “ОРЛОГО БА ХӨРӨНГИЙН ТАТВАРЫГ ДАВХАРДУУЛЖ НОГДУУЛАХГҮЙ БАЙХ, ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙХ ЯВДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БОЛОН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

 

2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Б.Болор

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

 

Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороод 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.

 

Хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Р.Гончигдорж, З.Энхболд, Ц.Даваасүрэн, Б.Болор, М.Батчимэг, Ц.Цолмон нар “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжиж байгаа саналаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж эдгээр улс орнуудтай байгуулсан гэрээг цуцалсны дараа хоёр талын эрх ашгийг тэнцвэртэйгээр хангах байдлаар хэлэлцээрийг дахин байгуулах асуудал нээлттэй байгаа тул цаашдаа гэрээ байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх гэсэн заалт гэрээнд оруулж байх, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд ийм төрлийн хэлэлцээрүүдийн эрх зүйн орчинг ойлгомжтой болгож, бусад 26 оронтой байгуулсан хэлэлцээрүүдийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлүүдийг харгалзан шинэчлэх, цуцлах асуудлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Болор хэлэлцэж буй асуудал Гадаад харилцааны яамны шугамаар Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улстай олон жилийн хугацаанд яригдсан асуудал тул Монгол улсын эрх ашгийг хөндсөн, манай улсад  ашиггүй ийм хэлэлцээрүүдийг шууд цуцлах хэрэгтэй гэсэн саналуудыг гаргасан болно. 

 

Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт, Р.Амаржаргал нар хэлэлцээрүүдийг шууд цуцлах асуудал тавихаас өмнө Сангийн яам Гадаад харилцааны яамтай хамтран дипломат шугамаар гэрээ байгуулсан нөгөө улстай гэрээг өөрчлөх, шинэчлэх талаар яриа хэлцэл хийх тал дээр муу ажилласан, бусад оронтой байгуулсан ийм төрлийн хэлэлцээрүүдийг нягтлан судлах шаардлагатай байсан гэсэн санал гаргаж, Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт хуулийн төслийн Засгийн газарт буцаах санал гаргасан. 

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн оффшор компаниудын татвар төлөлтийн байдал зэрэг асуудлыг цогцоор нь нягтлан судлах шаардлагатай тул энэ асуудлыг нарийвчлан судалсны дараа Байнгын хороогоор хэлэлцүүлэх саналтай байлаа.

 

Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ !

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл