2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
ДАРГА Ц.ДАВААСҮРЭН
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Я.САНЖМЯТАВ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй, үүний тулд малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үрийн импортын гаалийн албан татварыг “0” хувиар тогтоох шаардлагатай гэж үзэж төсөл санаачлагч төслийг боловсруулжээ.
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат уг асуудлыг шийдсэнээр гарах эдийн засгийн үр өгөөжийг тооцоолж, энэ талаар Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт энэ асуудалд зөвхөн татварын асуудал талаас нь хандалгүй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар авах цогц арга хэмжээний нэг гэдэг утгаар нь ойлгож, асуудлыг шийдэж хэрэгжүүлснээр гарах үр дүнг иж бүрэн тооцоолж мах сүүний нийлүүлэлтийг хэрхэн зохион байгуулах, цогц арга хэмжээ авсаны үр дүнд малын тоо толгой буурч, үр ашиг нь нэмэгдэх ёстойг сайтар тооцоолох нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл өмнөх жилүүдэд төр засгийн зүгээс хөдөө аж ахуйн чиглэлээр баталж хэрэгжүүлсэн бодлогын том том баримт бичгүүдэд тусгагдсан ажлуудын үргэлжлэл гэж ойлгож байна, уг асуудал нь эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээний хүрээнд хийгдэх асуудлуудын нэг бөгөөд цаашид үр дүнг дээшлүүлэх, эрчимжүүлэх нь чухал байна гэсэн санал хэлсэн болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын хөндөж тавьсан асуудлын дагуу хэлэлцэж буй асуудалтай холбоотой тоон мэдээлэл, тооцоо судалгааг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзлээ.
“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзсэн болно.
“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Я.САНЖМЯТАВ
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
ДАРГА Ц.ДАВААСҮРЭН