Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт:
… Өнгөрсөн 27 жилийн, тэр дундаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2000 оноос хойших хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй; засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим бүрэн алдагдсан; улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал хангалтгүй; байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй, үр ашигтай ашиглах Үндсэн хуулийн үзэл санаа бүрэн нуран унасан; алс хэтийг харсан хөгжлийн бодлого хэрэгждэггүй, залгамж чанар муутай; шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч, иргэдийн шүүхэд итгэх итгэл үлэмж буурсан зэрэг засаж сайжруулбал зохих асуудлууд бүрэн илэрсэн гэж хэлж болно.
Үүний хүрээнд миний бие нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон боловч зайлшгүй авч үзэж, сайжруулах шаардлагатай асуудлуудын хүрээнд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д санал болгон, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно хэмээн онцолсон байна.
Түүнчлэн УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргаж байгаагаа дурдсан байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар төслийг хүлээн аваад, “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж, өргөн барьж байгаа төслийг хүлээн авлаа. Энэхүү төсөл, саналыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасны дагуу хойшлуулалгүй хэлэлцэх болно” гэж хэллээ.
Төсөл, саналыг өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд туссан асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2019.07.16