2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай ” хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар эмхэтгэлийн шинэ дугаараас танилцах боломжтой.
Эмхэтгэлд, “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Хуульд, сонгуулийн болон төлөөлөгчдийг сонгох зарчим, иргэн хүн сонгох, сонгогдох болон төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхээ хэрхэн эдлэх, сонгууль зохион байгуулахтай холбогдсон ямар зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх талаар түүнчлэн сонгуулийн байгууллага түүний зохион байгуулалт, бүрэн эрх, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэрхэн үйлдэх, танилцуулах, хүргүүлэх, нам, эвсэл сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх, бүртгэх, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгааг хэрхэн хийх, сонгуулийн зардал, сонгуулийн дүн гаргахаас аваад дахин санал хураах, нөхөн сонгох, сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, гарсан гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэрэг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хуульчилж өгсөн байна. Тус хууль батлагдсантай холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг эмхэтгэлд мөн нийтлэв.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүнг баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсөв зарцуулах эрх олгож, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тус тус баталсан “Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг нийтэллээ. Үүний хамт энэ хуулийн хавсралт болох “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн тодотгосон жагсаалт”-ыг бүрэн нийтлэв.
Мөн “Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудыг тус тус нийтэллээ.
Шинэ дугаарт, “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай “хуулийг нийтлэв.
УИХ-ын чуулганаар баталсан зарим тогтоол түүний дотор “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай”, “Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” зэрэг тогтоолыг нийтэллээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хавсралтын хамт нийтлэв. АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэслэн, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрийн зарим тодорхой саналыг тусган ийнхүү хөтөлбөрийг тодорхойлжээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт ийнхүү нийт 32 хууль, тогтоолыг нийтлэв.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
2012 оны 9 дүгээр сарын 28