Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 04 тоот тогтоолоор байгуулагдсан Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны В танхим болон 334 тоот өрөөнүүдэд тус тус хуралдав.
Ажлын хэсгийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар удирдан явуулж, ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх Д.Мөнхбаатар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, Улсын дээд шүүх, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МУИС, ХААИС зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцон санал бодлоо солилцож, хуулийн төслийн талаарх саналаа боловсруулж, дараагийн хуралдаан дээр танилцуулахаар тогтов.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо