Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 09 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдлээ. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр энэ тогтоолоор тогтоожээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор, ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 15000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

Харин ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах ахмадын зориулалттай амралт, сувиллын газрыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулахаар Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолд тусгагджээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Стратеги, төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолоор баталжээ. Ийнхүү стратегийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагааг тогтоолын хавсралтад тодорхой тусгагдсан байна. 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд үйл ажиллагааны үлгэрчилсэн хэлбэр, тэргүүлэн гүйцэтгэгчийг тодорхойлж, хүний нөөцийг сурган бэлтгэх замаар үндэсний чадавхийг бүрдүүлэх, жендэрийн асуудлаарх статистикийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн хөгжүүлж, түүнийг бүх шатны бодлого боловсруулахад ашиглах, бүх нийтийн жендэрийн боловсрол, соёлыг дэмжсэн албан болон насан туршийн боловсролын тогтолцоог бий болгон хөгжүүлж, гэгээрэл сурталчилгааны ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2013 оны 3 дугаар сарын 4

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл