Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт өнөөдрийн /2019.07.24/ хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, хариулт авлаа.
Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 31 оролцогч асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар болон ажлын дэд хэсгийн ахлагч, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын даргын Бодлогын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга асан Л.Цог шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал авсан эсэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн гэж ямар хүн байхыг тодруулсан.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хариулснаар, Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр санал ирүүлсэн байна.
Хуулийн төслийн 51.2-т заасан Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ хэмээн заасныг хасах, Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно гэж төсөлд тусгасныг зургаан жил болгох зэрэг саналыг ирүүлсэн байна. Түүнчлэн Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүхийн дэргэд байлгах, даргыг нь томилох санал ирүүлсэн гээд сүүлийн энэ санал нь олон улсын туршлага, судалгаагаар хэрэгжих боломжгүй нь тогтоогдсон тул хүлээн авах боломжгүй гэж дэд ажлын хэсгийн түвшинд үзсэн гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг хоёр удаа 10 жилээр томилдог байх санал ирүүлсэн гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тав нь шүүгч биш гишүүд байх бөгөөд гурвыг нь харьяалах Байнгын хороо, нэгийг нь Засгийн газар, нэгийг нь мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийн, УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилохоор тусгасан хэмээн хариуллаа. Ингэснээр шүүхэд ёс бусаар нөлөөлөх эрсдлийг хаана гэж үзсэн хэмээн ажлын хэсгээс хариулт өгсөн.
Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, хуульч Ц.Оюунбаатар нар шүүгчдийг томилдог биш сонгодог байж болохгүй юу гэсэн асуудлыг хөндсөн.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, шүүгчдийг сонгодог байх тогтолцоо нь хамгийн сул талтай хэмээгээд сонгогдохын тулд зүй бус амлалт өгч, мөнгөний хамааралтай болох магадлалтайг дурдаад шүүгчдийг хараат бус байлгах гэж судлаачид эрэлхийсний эцэст дээрх шийдлийг гарган, алдаа дутагдал гаргасан шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах Шүүгчдийн хариуцлагын зөвлөлийн асуудлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэдгийг тодотгов.
АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, дэлхийн тав хүрэхгүй улсад шүүгчдийг сонгодог тогтолцоо байдаг гээд, өдгөө энэ загвар нь “толгойн өвчин” хэмээгдээд буйг онцолсон. Шүүгчид сонгогддог байвал улстөрчидтэй адил болж, нотлох баримтад тулгуурлах бус олон нийтэд таалагдах гэсэн шийдвэр гаргах магадлал өндөрсөх учир шүүхийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах үүднээс томилдог байхаар тусгасан нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах бүрэн эрхийн хугацаа, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг төсөлд хэрхэн тусгасан, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгасан Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар тодруулсан юм.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, доктор О.Мөнхсайхан нарын хариулснаар, төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэх бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллахаар тусгажээ.
Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байх бөгөөд Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах аж.
Харин Еөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцдог бие даасан, хараат бус байгууллага бий болгох зорилгоор Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа “Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана" хэмээн тусгасныг онцоллоо.
Түүнчлэн Ерөнхийлөгч төсөлдөө Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана хэмээн тусгажээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид төслийн танилцуулгатай холбогдуулан төсөл санаачлагчид ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсны дараа үргэлжлүүлэн үг хэлж байр сууриа илэрхийлж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.