МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ
2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей
гишүүн А.Бакей
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь иргэдийн газар өмчилж авах эрхийг нь баталгаажуулахтай холбогдсон механизмыг хуульд тусгайлан зохицуулаагүйтэй холбоотой бөгөөд хүн амын олонхийг газраа өмчилж авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нэг хүний гарт их хэмжээний газар төвлөрөхөөс сэргийлж худалдан авах сертификатын тоонд хязгаар тогтоох, газрыг хүн бүрт өмчлүүлснээр нүүдлийн соёл иргэншлээс суурин иргэншил рүү шилжих шилжилтийг нөхцөлдүүлж байна, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон нийслэлийн газрыг хотын төв, захын гэж ялгахгүйгээр нэг зэрэглэлд оруулсан нь буруу, зам, шугам сүлжээ, дэд бүтцээс хамаарч газрын үнэлгээ болон өмчлүүлэх газрын хэмжээг ялгавартай тогтоох, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл энэ хууль нь үхмэл капиталыг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь хууль тул Газрын багц хуультай уялдуулан хамтад нь хэлэлцэх, Газрын корпораци байгуулагдсанаар 4 жилийн хугацаанд хүн амын олонхи газраа өмчилж авч чадах эсэх, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей төслийн үзэл баримтлалд газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлнэ гэсэн боловч тариалангийн газрыг өмнө нь авсан иргэд үнэгүй өмчилж, аваагүй нь дуудлага худалдаагаар авахаар тусгасан байгааг анхаарах, Газрын корпораци нь ажлын чиг үүргийн хувьд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газартай хэрхэн уялдаж ажиллахыг тодорхой болгох, газар өмчлүүлэх эцсийн шийдвэрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бус аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана гэсэн нь авилга бий болгох талтайг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хөдөө амьдарч байгаа малчин газраа эдийн засгийн эргэлтэд оруулах нь хүндрэлтэй, иймээс газар өмчлөлийн асуудлыг хот төлөвлөлттэй цуг шийдэх нь зөв, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ газар өмчлөх сертификат олгох, түүнийг арилжаалах нь өмч хувьчлалын тасалбараар өмчийг хувьчилсантай адил сөрөг үр дагавар бий болгохоос сэргийлэх, энэ хууль үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой тул хэлэлцүүлэгт хариуцлагатай хандах, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан орон сууцны хувьчлал иргэдэд үр ашигтай байсантай адил мөн газрыг өмчлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг олгох хэрэгтэй, энэ хуулийн төсөл болон Газрын багц хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, Байнгын хорооноос байгуулах ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах нь зүйтэй гэсэн саналууд гаргасан болно.
Анхны хэлэлцүүлгийн шатнаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Газрын тухай багц хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэн бөгөөд төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС,
ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН