Цэс

Холбоо барих

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Б.БОЛОР

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Манай улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгон өөрийн орны ардчилсан үйл явцын туршлагаас бусадтай хуваалцах, гадаадын зарим улстай хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дипломат үйл ажиллагааны бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх, гадаад улс орон, олон улсын байгууллагуудаас манай улсын ардчилал, хүний эрхийг дэмжсэн аливаа санхүүг ил тод болгох, зөв зохистой зарцуулахын тулд Засгийн газрын тусгай зориулалтын сангийн төрөлд “Олон улсын хамтын ажиллагааны сан”-г нэмэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж төслийг боловсруулжээ. Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт “Олон улсын хамтын ажиллагааны сан”-г Засгийн газрын тусгай сангийн төрөлд нэмэх асуудлыг дэмжиж байна, харин төсөл батлагдсан ч энэ оны хувьд тухайн сангаас мөнгө зарцуулагдах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн санал хэлсэн болно. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн болно. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Анхаарал тавьсанд баярлалаа.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ
ДАРГА                                               Ц.ДАВААСҮРЭН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл