Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдөр” сонины 20 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

/“Өнөөдөр” сонины 20 жилийн ойд/
Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус сонины тулгын чулууг тулж, өдгөө хүртэлх хөгжил дэвшлийнх нь баганыг түшсэн үе үеийн сэтгүүлчид, урлан бүтээхийн увдист хөдөлмөрт мөр зэрэгцэн зүтгэж яваа нийт хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
 
Монголын нэрт соён гэгээрүүлэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн, гарамгай сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн үүсгэсэн тус сонин Монголын нийгмийн оюун санааг хөтлөн замчлагч гэрэлт бамбар нь, иргэн түмнийхээ үзэл бодол, үйлс ажлын тодорхой толь нь байж, Монгол Улсад иргэний, ёс зүйтэй, чөлөөт сэтгүүл зүйг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд ямагт манлайлагч түүчээ нь болсоор ирснийг зориуд цохон тэмдэглэхийг хүсэж байна.
 
“Өнөөдөр” сонин Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эх орноо хөгжүүлэн цэцэглүүлэх эрхэм зорилгод түм буман нүүр хуудас, олон мянган бичвэр нийтлэлээ зориулсаар ирсэнд талархал илэрхийлье. Түүнчлэн төрт ёс, парламентат ёсыг төлөвшүүлэх, төр засгийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэн хүргэх зуучийн үүргээ ч нэр төртэй биелүүлсээр байгаа билээ.
 
Баярын энэ өдрийг тохиолдуулан “Өнөөдөр”-ийнхөнд үнэн шударгын батламж, өргөн түмний дуу хоолой, жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчдийн өсөн торних өргөө голомт нь байсаар байгаарай хэмээн хүсье. 
Та бүхний үг үнэн, үйл хэрэг ариун, “Өнөөдөр” сонины ирээдүйг зорьсон үзгэн хөлөг шандас хурдаар шавхагдашгүй байх болтугай.
 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
Улаанбаатар хот
2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл