Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2016.09.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм. Уг тогтоолоор Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,831,706.2 сая /гурван их наяд найман зуун гучин нэг тэрбум долоон зуун зургаан сая хоёр зуун мянга/, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,996,886.5 сая /дөрвөн их наяд есөн зуун ерэн зургаан тэрбум найман зуун наян зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр баталлаа.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувь нь дэмжлээ.
Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.9 хувь нь дэмжив.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг цаг хугацаа алдалгүй шуурхай, нухацтай хэлэлцэж шийдвэрлэсэнд нь тэрбээр Улсын Их Хуралд талархал илэрхийлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа тул улс орны эдийн засгийн макро орчныг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Иймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулан ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шуурхай ажиллана гэдгээ илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.